Ой хамгаалах хөтөлбөрт Франц улс 50 сая евро олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС. /AFP/. Ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалж буй улс орнуудыг санхүүжүүлэх хөтөлбөрт Франц улс 50 сая евро олгоно гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон пүрэв гарагт мэдэгдлээ.
Тэрбээр Габон улсад болсон “One Forest” дээд хэмжээний чуулга уулзалтын хаалтын үеэр энэ тухай мэдээлсэн байна.
Тэрбээр ойн нөөцөө хамгаалж, нөхөн сэргээсэн гэдгээ нотолсон улс орнуудад урамшуулал олгохоор тусгасан уг хөтөлбөрийн нийт санхүүжилтийн талыг Франц улс дангаараа гаргана гэлээ. Энэ санхүүжилтийн үлдсэн тал хувийг ямар улс орнууд гаргах талаар мэдээлсэнгүй.
Гуравдугаар сарын 1-2-ний өдрүүдэд Габон улсад болсон дээд хэмжээний уулзалтын нэг зорилго нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон талуудын 27 дугаар бага хурлаас хойш гарсан ахиц дэвшлийг үнэлэх, дэлхийн ойн нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийн зорилтыг шинэчлэх явдал байв.