ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баярт гадаадын 270 гаруй иргэн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Хөх сувд-2023” мөсний баяр өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мөсний баярт Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын найман улсын 270 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.
Тодруулбал, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган, Япон Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү, БНСУ-ын Тэжон хотын зочид, төлөөлөгчид БНСУ-ын КСВN телевизийн сурвалжлах баг болон аялагчид иржээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мөсний баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл аймаг 2023 оныг “Хөвсгөлд зорчих жил”-ээр зарласан. Хоймор нутгийн шүтээн болон заларсан Хорьдол Сарьдагийн нуруу, Хөвсгөл нуур, Улаан тайга, Даян дээрхийн агуй зэрэг улсын тусгай хамгаалалттай газрын унаган байгалийг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсөж байна. Аймгийн хэмжээнд нийт 94 жуулчны бааз, 132 гэр буудал, 8 зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж, нэг ээлжиндээ 7 мянга орчим жуулчин хүлээн авах боломжтой байгаа бөгөөд Монголд ирж буй жуулчдын 20 орчим хувь нь Хөвсгөл аймгийг зорин ирж байна” хэмээн онцолж байлаа.
Related news

