ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баярт БНСУ-ын “Намчон” хамтлаг уран бүтээлээ толилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-03 12:39:30

Хатгал  /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2023” мөсний баярт БНСУ-ын Тэжон хотын "Намчон" хамтлаг хүрэлцэн ирж, өөрийн орны үндэсний урлагийн өв соёлоос үзэгч түмэнд хүргэлээ. 

Тус аймаг БНСУ-ын Тэжон хоттой 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр 13 дахь жилдээ хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "Healing Art Festival" урлагийн наадамд Хөвсгөл аймгийн төрийн байгууллага болон уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 дахь жилдээ оролцож аймаг орон нутгаа сурталчилсан байна.


Харин Тэжон хотын  Со-гу дүүргийн уран сайханчид 2019 оны 7 дугаар сард Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулж байсан бол гурван жилийн дараа Тэжон хотын үндэсний хөгжмийн “Намчон” хамтлаг 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж Мөсний баярт оролцлоо.


Уран бүтээлчид хуучин оны муу бүхнийг ард орхиж, шинэ онд амжилт бүтээл, сайхан бүхнийг урин дуудах бэлгэшээлтэй “Энмэги” бүжгийн хэмнэл, бөмбөрийн аялгуу хосолсон үзүүлбэрийг Мөсний баярын зочдод хүргэлээ.  

Related news