ӨМНӨГОВЬ: “Элсэн говийн тэмээ бид хоёр” яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-03 20:26:13

Даланзадгад /МОНЦАМЭ/ “Түмэн тэмээний баяр”-ыг угтсан төлөвлөгөөт олон үйл ажиллагааг зохион явуулж байна.


Тодруулбал, “Элсэн говийн эзэн тэмээ бид хоёр” сэдвээр гар зураг болон яруу найргийн уралдаан, “Тэмээчид дуулж байна” дууны тэмцээн, “Тэмээн соёл” гэрэл зургийн уралдаан, “Өмнөговьд үйлдвэрлэв” бүтээгдэхүүн, дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн зэрэг болох юм.


Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Соёл урлагийн газраас “Элсэн говийн тэмээ бид хоёр” яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Тус наадмын нэгдүгээр шатыг цахимаар явуулсан бөгөөд хоёрдугаар шатанд 10 гаруй найрагчийн бүтээлийг шалгаруулжээ.


Наадмыг хүүхэд болон насанд хүрэгчид гэсэн хоёр насны ангиллаар зохион байгууллаа. Насанд хүрэгчдийн ангиллын тэргүүн байрыг Сэврэй сумын харьяат залуу яруу найрагч Ц.Цэнгэлбаяр, дэд байрыг Ханхонгор сумын харьяат яруу найрагч Ц.Батпүрэв эзэлсэн бол хүүхдийн насанд тэргүүн байрыг ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Т.Үүрийнтуяа, дэд байрыг мөн тус сургуулийн сурагч А.Оюунсэцэн нар тус тус эзэллээ.  






"Элсэн говийн тэмээ бид хоёр” яруу найргийн наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүн, сэтгүүлч, яруу найрагч С.Сумьяа,  Өмнөговь аймгийн Соёл урлагийн газрын дарга Т.Мөнгөнтуул, Ахмад багш нарын холбооны тэргүүн Ц.Амарсайхан нар ажилласан юм. 


Соёл урлагийн газрын дарга Т.Мөнгөнтуул

Элсэн говийнхоо хаан тэмээгээ магтан дуулсан яруу найргийн наадмыг “Түмэн тэмээний баярыг угтан бараг сарын хугацаанд зохион байгуулж, иргэдийн явуулсан шүлгүүдийг шүүн тунгааж дараагийн шатанд шалгарууллаа. Наадмын гол утга агуулга нь тэмээн сүргээ магтан сайшаасан шүлэг бүтээлүүдээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Дараа дараагийн тэмцээн уралдаан өргөн дэлгэр сайхан болно гэж бодож байна.

 

Related news