Төрийн худалдан авалтад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ кластераар нийлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-03 17:16:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо тухайн үйлдвэрлэлийн ААН, компаниудыг нэгтгэн цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцсыг иж бүрнээр хийн төрийн худалдан авалтад нийлүүлж байна. Энэ жишээг өнөөдөр МҮХАҮТ-д нээгдсэн “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэнгээс харж болно.


Үзэсгэлэнг нэг талаас худалдан авагч төр засагт хувийн хэвшил бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж сурталчлах, нөгөө талаар дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжиж, хоёр тал хоорондоо холбогдох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд болсон Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөнөөр зохион байгууллаа.


Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ, Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн хичээл зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэгтэйг тэмдэглэв. Тэрбээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, чанар, стандартын шаардлага хангах шаардлагатай буйг хэлж, хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч хэрэглэгч байхыг уриаллаа.


Үзэсгэлэнд 120 орчим ААН-ийн үйлдвэрлэгч нар, мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан 20 компани, төрийн 67 байгууллага оролцлоо. Хамгийн гол нь үйлдвэрлэгч нар кластерын системээр бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн нийлүүлэгчээр оролцож байгаагаараа онцлог боллоо. Тодруулбал, төрийн байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан бол үйлдвэр эрхлэгч нар төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ толилуулав.


Олон жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай “Өнөр баян хайрхан” компани гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын хувцсыг нийлүүлэх 3 жилийн гэрээ байгуулан ажиллаж байна. “Урбан” брэнд гаалийн ажилтнуудын хувцсыг, “Асралт баян хайрхан”, “Шилмэл дизайн”, “Чиглэл”, “Инто” зэрэг дотоодын компаниуд чиглэл чиглэлийн үйлдвэрлэлээр мөн төрийн худалдан авалтад оролцон ажиллаж байна.


2015 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс 60 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан бол:

  • 2016 онд 147,5 тэрбум,
  • 2017 онд 187,6 тэрбум,
  • 2019 онд 225.1 тэрбум төгрөг болж өсжээ.
Related news