Грект галт тэрэгний ослын дараа эхэлсэн жагсаалын үеэр мөргөлдөөн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АФИН. /AFP/. Өнгөрсөн долоо хоногт Грект хоёр галт тэрэг мөргөлдөж, олон хүний амь насыг авч одсон осол болсон. Галт тэрэгний ноцтой осолд эрх баригчдыг буруутгасан иргэдийн жагсаал Афин хотын Парламентын ордны өмнө ням гарагт үргэлжилж жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ.
Жагсагчдын зарим нь хогийн сав шатаан, шатамхай бодис бүхий шил шидэж, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, чанга чимээ гаргагч гранат хэрэглэсэн байна.
Грекийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, парламентын ордны өмнө 12 мянга орчим хүн цугласан байна. Жагсагчид галт тэрэгний ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж зуу зуун хар өнгийн агаарын бөмбөлгүүдийг хөөргөжээ.
Мөн өдрийн үдээс өмнө Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис ослын улмаас амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдөөс уучлал хүссэн байна. "Грект хоёр галт тэрэг нэг замаар өөд өөдөөсөө хөдөлж, түүнийг нь хэн ч анзаараагүй нь байж боломгүй зүйл” гэж Засгийн газрын тэргүүн фэйсбүүк хуудсаараа ард түмэндээ хандан мэдэгдэхдээ цохон тэмдэглэсэн байна.
Хоёрдугаар сарын 28-ны оройн 19:30 цагт тус улсын Ларисса хотоос холгүй Афин-Салоникийн чиглэлийн суудлын галт тэрэг Салоник хотоос Ларисса руу явж байсан ачааны галт тэрэгтэй мөргөлдөж 57 хүн амиа алдсан билээ. Энэ нь тус улсын түүхэн дэх томоохон осол юм.
Грекийн галт тэрэгний сүлжээнд шинэчлэл хийж чадалгүй олон жил болж буй эрх баригчдыг олон мянган иргэд эсэргүүцэж байгаа аж. Ослын дараа Ларисса хотын төмөр замын өртөөний даргыг баривчилжээ. Тэрбээр хоёр галт тэргийг хоёр өөр замаар чиглүүлж чадаагүй буруутай гэдгээ хүлээсэн байна. 59 настай уг эрэгтэйг болгоомжгүй байдлын улмаас хүний аминд хүрсэн, бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгажээ.