“Goldman Sachs”: АНУ-д хямрал болох магадлал 35 хувьтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-17 07:45:02

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн "Goldman Sachs" банкны эдийн засагчид банкны салбарын нөхцөл байдлаас үүдэлтэй "эдийн засгийн үр дагаврын" улмаас ирэх жил АНУ-д хямрал болох магадлалыг 35 хувьтай гэж үзэж байна.


Өмнө нь "Goldman Sachs"-ийн шинжээчид энэ магадлалыг 25 хувь гэж таамаглаж байсан ч Америкийн Silicon Valley Bank дампуурсны дараа эдийн засагчид таамаглалаа нэмэгдүүлжээ. Гэхдээ энэ нь “Bloomberg-ийн шинжээчдийн таамаглалаас доогуур байгаа юм.  Тус агентлагийн шинжээчид АНУ-д хямрал болох магадлалыг 60 хувь гэж үзэж байгаа аж. 


Цахиурын хөндийн өндөр технологийн компаниудад зээл олгогчдын нэг болох Silicon Valley Bank дампуурсныг Калифорни муж улсын Санхүүгийн хамгаалалтын газар гуравдугаар сарын 10-нд зарласан. Тус банк хоёр өдрийн дотор дампуурсан байна.


“CNN”-ийн мэдээлснээр, энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших АНУ-ын банкны хамгийн том дампуурал болжээ. Одоо “Silicon Valley Bank-ыг Холбооны Хадгаламжийн даатгалын асуудлаарх хорооны удирдлагад шилжүүлээд байна. Өнгөрсөн ням гарагт  Нью-Йоркийн “Signature Bank” бас дампуурсан юм.

Related news