БАЯНХОНГОР: 12 цэгт шувууны үүр байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-21 08:51:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Байгаль орчны албанаас Түйн голын бургас дагуух хог хаягдлын цэвэрлэгээг хийж, 12 цэгт шувууны үүр байршууллаа.


Дэлхийн ойн өдрийн хүрээнд иргэдийг шувууны үүр хийж байршуулахыг тэд уриалж байгаа бөгөөд холбогдох зөвлөмжийг хүргүүлэв.


- Шувууд өндөглөх үүрээ сонгохоос өмнө тухайн газар багагүй хугацаанд амьдарч, ямар нэгэн болзошгүй аюул байгаа эсэхийг нарийн ажигладаг. Тиймээс хавар дулаан орохоос өмнө үүрийг байрлуулах нь зохимжтой.

- Шувууны үүрийг доод тал нь 2 метрээс дээш өндөрт, хүн амьтны хөлөөс аль болох зайдуу байрлуулах хэрэгтэй. 

- Үүрийг аль болох нөмөр газар, үүдийг нь салхины эсрэг зүг буюу өглөө нар үздэг, үдийн халуунд сүүдэрлэхээр газар, бороо уснаас нөмөрлөхөөр газар байрлуулах.

- Шувууны үүрний орох үүдийг хэт том эсвэл хэт том хийж болохгүй. Хэт том орцтой бол махчин амьтад болон том шувууд өндөг ангаахайг идэх аюултай тул жижиг шувууд үүрлэхгүй байх нь элбэг. Жижиг шувуудын үүрний орц 4-6 см байх нь хамгийн тохиромжтой. 

- Шувууд нэг үүрэндээ дахиж үүрлэх нь ховор. Тэд шинэ цэвэрхэн газар үүрээ шинээр засахыг илүүд үздэг. Иймд боломжтой бол хуучин үүрийг цэвэрлэж дахин өлгөх хэрэгтэй. Мэдээж өөрөө амны хаалт бээлий зүүж цэвэрлэнэ. 

- Шувууд аль болох орчиндоо шингэж ууссан, бусад амьтан шувуудын нүдэнд өртөхөөргүй нуугдмал газрыг сонгож үүрээ засдаг учир хэт тод өнгөөр будсан хэтэрхий эрээн үүрэнд орохоос зайлсхийдэг.  

- Шувууны үүр байрлуулаад дотор нь будаа болон бусад хоол хүнсний зүйл хийж болохгүй. Элдэв нян бактер үржих нөхцөл бүрддэг. Хэрэм жирх зэрэг бусад амьтад амьтад үүрэнд нэвтрэх шалтгаан болдог.



Related news