ГОВЬ-АЛТАЙ: Улсын физикийн 34 дүгээр олимпиад Алтай хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-23 15:35:54
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Улсын физикийн 34 дүгээр олимпиадыг энэ сарын 29-31-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулна. 

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн түүхт ой энэ онд тохиож байгаа. Түүхт ой хийгээд аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд тусгагдсан Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 
Олимпиадыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, БШУГ, Улсын физикийн олимпиадын хороод хамтран гурван өдрийн турш зохион байгуулах ажээ. Нийтдээ 120 орчим багш, сурагч өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлсэн ба багш, 9, 12 дугаар ангийн сурагч гэсэн төрлөөр явуулна.

Мөн үеэр зохион байгуулагчдын зүгээс одон орон судлал буюу астраномын улсын долоодугаар олимпиадыг явуулахаар болжээ. Энэхүү олимпиад гуравдугаар сарын 30-нд нээлттэй хэлбэрээр буюу Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой гэдгийг Говь-Алтай аймгийн БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар мэдээллээ. 
Үүний сацуу шинжлэх ухаан технологийн инновацыг орон нутагт нутагшуулах аяны хүрээнд ШУТИС, Шинжлэх ухааны академиас 60 эрдэмтэн Алтай хотноо хүрэлцэн ирж Говь-Алтай аймагт тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, шийдэл гарцын талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна хэмээн онцлон хэлэв.

Азийн физикийн 23 дугаар олимпиад тавдугаар сард Улаанбаатар хотод болохтой холбогдуулан физикийн багш нарын сургалтыг энэ сарын 26-нд зохион байгуулах аж.
Related news