Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-24 15:50:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан усны салбарын “Цэнхэр Алт” Үндэсний чуулган өнөөдөр өндөрлөлөө. Чуулганы хүрээнд газрын доорх болон гадаргын усны нөөц, усны салбарын эрх зүйн орчныг хөндсөн 3 өдрийн салбар хуралдаан хэлэлцүүлэг болсон. Салбар хуралдаанаас гарсан саналуудыг өнөөдөр болсон “Цэнхэр Алт” Үндэсний нэгдсэн чуулганаар нэгтгэн:

  • Усны салбарын хууль эрх зүй, засаглалыг сайжруулж, усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалж ус хуримтлуулах,
  • Салбарын хүний нөөцийг нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,
  • Усны төлөө олон нийтийн хамтыг ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргаад байна. Зөвлөмжийг төрийн яамд, Усны газар, аймаг, орон нутгийн усны сав газрын захиргаа зэрэг холбогдох байгууллагууд төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах юм.


Усны салбарын “Цэнхэр Алт” Үндэсний чуулганы үеэр усны мэргэжлээр суралцаж буй оюутан залуучуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг танилцууллаа. Тэдний нэг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимын Ус судлалын хөтөлбөрийн оюутан П.Амарбаяр Хэрлэн голын сав газрын татам нугын нарийвчилсан судалгааг хийснийг тодруулав.


Тэрбээр, татам нь ус, байгаль орчны хувьд онцгой газар байдаг. Шар усны болон хур борооны үерийн үед нам эргийн дор ус татаж байдаг газрыг татам гэж нэрлэдэг. Хиймэл дагуулын өгөгдлүүдийг судалгаандаа бодит хэмжүүр болгон шалган ашиглаж ажилласан гэв.

Хур тунадасын мэдээлэл болон ууршил, чийглэгийг газрын бүрхэвчийн зургийг ашиглаж гаргадаг байна. Үүнээсээ татмын талбайг ялгаж авч, тухайн талбай дээрээ ургамлын ногооныг, татам гэдэг өөрөө хэр ногоон газар юм гэдгийг гаргаж харуулахыг зорьсон гэв. Улмаар татам нь 0.3-0.7 хувийн чийгшилтэй, өвөл, зунгүй ногооноороо байдгийг тогтоож, Монгол орны голын сав газрын татмыг тодорхойлжээ. 

Усны мэргэжлээр суралцаж буй оюутнуудын бүтээлийг товч танилцуулбал:

  • ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбарын оюутан Б.Хонгорзулын “Барилгын дээврийн цас, борооны ус зайлуулах систем
  • ШУТИС-ийн Гидрогеологи, уул уурхайн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Ө.Туяацэцэгийн “PYTON программ ашиглан туршилтын-шүүрэлтийн мэдээллийг боловсруулах нь”,
  • АШУИС-ийн Хүний их эмчийн 4 дүгээр дамжааны оюутан Б.Түвшинзаяагийн “Ундны усны цайрын агууламж болон хүний цусан дахь цайрын түвшинг судалсан нь”,
  • АШУИС-ийн оюутан Д.Намууны “Усыг анагаах ухааны практикт түгээмэл ашиглах нь",
  • МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими, биологи инженерчлэлийн тэнхимийн оюутан Э.Золзаяагийн “Био электрохимийн систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч ялгаруулагч экзоэлектроген бактери гарган авах судалгаа”,  
  • МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн цаг уурын 3 дугаар түвшний оюутан А.Мягмарнарангийн “Фон Карман хуйлралын үзэгдлийг симуляцаар судалсан дүн”,
  • ШУТИС-ийн оюутан Б.Басбишийн “Усан орчин ба геоэкологийн апплекэйшний хөгжүүлэлт” зэрэг сонирхолтой, анхаарал татсан бүтээлүүд орж байна.


Related news