ӨВӨРХАНГАЙ: Аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-28 10:49:03

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг 2018 онд аймгийн ИТХ-аар батлан 2022 он хүртэл хэрэгжүүлсэн байна.

Хөтөлбөрийн үр дүнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжсөн, үйлчилгээний чанар тодорхой түвшнээр сайжирсан, эвент үйл ажиллагаа хоёроор нэмэгдсэн, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа сайжирсан хэмээн үзэж байгаа юм. Аймгийн хэмжээнд 29 жуулчны бааз, 8 амралтын газар, 14 зочид буудал, 26 зоогийн газар тус тус үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд түр болон байнгын 800 ажлын байрыг хадгалж байна.



“Өвөрхангай аймаг жилд аялал жуулчлалаас 1.5 тэрбум төгрөг олдог бөгөөд жуулчны баазууд, аялал жуулчлалын бүс нутагт амьдардаг айл өрхүүд энэ үр ашгийг хүртдэг. Тиймээс хөтөлбөрийг цааш үргэлжлүүлж, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр өгөөжийг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Алтанхүү хэлэв.


Өнөөдөр аймгийн ИТХ-аар хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн бөгөөд аялал жуулчлалын нэгдсэн том бодлоготой байх, жуулчны баазуудыг нэмэхээс илүү одоо байгааг нь стандарт шаардлагад нийцүүлж, эвент үйл ажиллагааг хөгжүүлж, төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах талаар төлөөлөгчид санал нэгдлээ.


Одоогоор Өвөрхангай аймагт Торгоны зам-Хархорум хот, Монгол эсгий урлалын баяр, Сарлагийн баяр, Тэмээний баяр, Мөсний баяр зэрэг эвент үйл ажиллагааг байгуулж хэвшсэн. Цаашид говийн бүсийн аяллын маршрут, эрүүл мэндийн маршрут, энергийн аяллын маршрут, Занабазар арт фестиваль, Гал тахих ёс, авто реалли хөгжүүлэх зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлтэй байгаа аж.


Төлөөлөгчдийн хуралдаанаас хөтөлбөрийн хэрэгжилтийг 70.6 хувьтай буюу тодорхой үр дүнд хүрсэн хэмээн дүгнэлээ. Мөн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд сумдын удирдлагууд, аялал жуулчлалын холбооноос санал авч боловсруулахыг холбогдох албанд үүрэг болголоо.

Related news