ӨВӨРХАНГАЙ: Дубхан буюу “Бүтээх байр”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-28 17:18:33

Арвайхээр /МОНЦАМЭ/. Төвхөн хийд нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс 50 км зайд Шивээт уул хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай, байгалийн өвөрмөц тогтоцтой хадан ууланд оршдог, буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм.

1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, улмаар 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулан Дубхан буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ.



Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд соёмбо үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урласан байна.

Төвхөн хийдэд хүрэхийн тулд уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ. Хийдийн дэргэд хоёр худаг байдаг агаад баруун худгийг “Амны ус, зүүн худгийг “Угаалгын ус гэдэг. Өндөр гэгээн энэ хоёр худгаас цайны ус, угаал үйлдэх усаа авдаг байжээ. Мөн хийдийн баруун хойд хадан дээр түүний монгол гутлын мөр /38см/, гарын алганы мөр үлдсэн хэмээдэг.


Хийдийн ар талын байц хаданд “Эхийн агуй” гэх нүхэн агуй бий. Тус агуйд мөлхөн гулсаж ордог бөгөөд үүнийг өлгийдүүлэх хэмээнэ. “Эхийн агуй”өлгийдүүлснээр эхээс төрсөн мэт ариусдаг хэмээх яриа сүсэгтэн олны дунд уламжлагдан иржээ.

Халх-Ойрадын зөрчилдөөний үеэр Төвхөн хийдийг 1688 онд сүйтгэсэн бөгөөд 1773 оноос хурал, номын ажлыг нь сэргээж тогтмолжуулаад байсан нь 1939 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр тасалдсан байна.

1992 онд улсын хамгаалалтад авч, сүмийн үйл ажиллагааг сэргээсэн ба 1997 онд сэргээн засварлалтыг хийсэн юм. Сүүлийн жилүүдэд Германы сэргээн босголтын банкны KFW төслийн санхүүжилтээр Төвхөн хийдийн угтах орчныг тохижуулах ажил хийжээ. 

Related news