БАЯНХОНГОР: Шаргалжуут рашаан чиглэлийн аяллын маршрутыг хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-29 13:42:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хавар 4, 5 дугаар сар, намар есдүгээр сард рашааны идэвхжил хамгийн өндөр түвшинд байдаг бөгөөд хамар, залгиур, ургамал, тоосонцрын харшилт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийн нэг болох Шаргалжуут рашааны утлагын эмчилгээг зорих иргэдийн тоо нэмэгддэг байна.


Шаргалжуут рашаан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог ба 572 км засмал замаар 58 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Аймгийн төвөөс 60 км зайтай. 



Далайн түвшнээс дээш 1492 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрладаг энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийн өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Эдгээрийн хамгийн халуун нь нэмэх 96 хэмийн халуун байдаг байна.


Тус рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагаах эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгд тооцогддог. Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалиас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.


Түргэн урсгалт уулын гол Шаргалжуут нь өвөл ч урсаж байдаг Монгол орны хөлддөггүй ганц гол юм.


Тухайн бүс нутаг рашаан усаараа, сарлагийн сүрэг, сарлагийн сүү, цагаан идээ, галт уулын чулуу ба ан амьтнаараа алдартай, өвөрмөц микро уур амьсгал, өвлийн -40С хэмийн хүйтэнд урсаж байдаг гол, олон төрөл зүйлийн эмчилгээ сувилгаа, байгалийн ховор, сонин тогтоц, анагаах онцгой чанартай рашаанаараа алдартай.


Шаргалжуут рашаан сувиллыг зорих гэж буй уншигчдад тухайн бүс нутгийн аяллын маршрутыг танилцуулж байна. Доорх маршрутын дагуу Баянхонгор аймгийн хангайн бүсийн аялал жуулчлалын түшиц газруудтай танилцах боломжтой.



Related news