БАЯН-ӨЛГИЙ: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-31 14:25:50

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд нутгийн ихэнх хэсгээр салхи шуургатай байх төлөв ажиглагджээ.


Тодруулж хэлбэл, сарын хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба хугацааны дунд үед нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орно. Энэ үеэр салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.


Сарын дундаж агаарын температур 4-10 хэм хүйтэн буюу олон жилийн дундаж орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас  2–6 мм орчим байна.


Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2 хэмээр хүйтэн, нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1–4°С–аар дулаан байх аж. 

Related news