СҮХБААТАР: Ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох нөхцөл бүрдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-03 13:56:15

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэд болон шилжин суурьших иргэдэд шинээр орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 хувийн хүүтэй зээлийг олгохоор болсон. Мөн шаардлагатай хөрөнгийг шийвэрлэсэн талаар ч холбогдох албаныхан мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр уг зээлийг олгох нөхцөл орон нутагт бүрдээгүй, хэзээнээс олгож эхлэх нь ч тодорхой бус байна.

Иргэд арилжааны долоон банкаар дамжуулан уг зээлд хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой талаар Сангийн яамнаас мэдээлсэн. Гэтэл өнөө хэр нь орон нутгийн салбар банкуудад зээл олгох журам нь батлагдаж ирээгүй байна. Харин дээрх зээлд хамрагдах хүсэлтэй иргэн цөөнгүй байгаа бөгөөд банкуудад тогтмол хандаж байгаа аж. Өөрөөр хэлбэл төв банкуудаас журам нь батлагдаад, орон нутагтаа хуваарилалтаа хийчихвэл зээлийг орон нутагт олгоход бэлэн гэж Монгол банкны Сүхбаатар аймаг дахь салбараас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд ихэнх аймаг 1000 ба түүнээс дээш орон сууц барихаа мэдэгдэж байгаа. Сүхбаатар аймгийн хувьд энэ онд 980 айлын орон сууцны хорооллын төслийг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 485 иргэнд 19,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ.

 

Related news