Хуульчдад зориулсан сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-05 16:18:25

“Хуульч news” сэтгүүлийн шинэхэн дугаар хэвлэгдэн гарлаа. Сэтгүүлийг сэтгүүлч, яруу найрагч, цаасан хайчилбарч Ц.Галбадрах эрхлэн гаргадаг бөгөөд зөвлөхөөр нь академич гавьяат хуульч С.Нарангэрэл, академич, ШУ-ны гавьяат ажилтан Ж.Амарсанаа нар ажилладаг .

Тус сэтгүүл эхний нүүрээ хуульч, өмгөөлөгч  З.Сүхбаатараар чимсэн бол “Хуульч гэж хэн бэ” булангийн зочноор Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг  урьжээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг тогтоолцож явсан хамбатан  он цагийн уртад монголчууд хэрэг маргааныг хэрхэн шийдэж, шийдвэрлэж ирсэн түүхийн архивуудыг маш төгөлдөр болгууштайг онцолж, шинэ цагийн хуульчид, шийдвэр гаргагчид санаа оноо авч байхыг ярилцлагаараа хөнджээ.

Мөн түрээсийн харилцаа шүүхийн практикт хэрхэн нэвтэрсэн талаарх нийтлэл болон Нотариат болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны харилцан хамаарлын тухай хуульч, багш Р.Очирбалын бичсэн даацтай өгүүллийг эндээс уншиж болно.

Үе үеийн хуульч, өмгөөлөгчдийн дунд “Нянаабаатар өмгөөлөгч” хэмээн алдаршсан нэгэн эрхмийн тухай гавьяат хуульч Ж.Яринпилийн  дурсамж, “Авьяас” булангаас хуульч, шүүгч, яруу найрагч Ц.Ичинхорлоогийн шүлгийн дээжээс сонирхоорой. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин дуучин Баартуугийн Зангад тэртээ жараад онд Хуулийн сургуульд суралцан төгссөн хуульч гэдгийг ч мэдэж болох нь.

Түүхэнд “Цэцэг нуурын дугуйлан” хэмээн бичигдэж хошуу ноёнтойгоо заргалдан заргаа авч асан Ард Аюуш тэргүүт ардуудын 44 зүйл бүхий заргын бичиг нэн сонин. Сэтгүүлч Ц.Галбадрах хайчилбарынхаа "загатнаа"гаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийг урласан ч байх.

“Хуульч news” сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр борлуулж байна

Ж.Батсайхан

Related news
Comments