“Tesla” Шанхайд шинэ үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-10 08:53:02

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани БНХАУ-ын Шанхайд хотод мега-үйлдвэр байгуулна гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан ням гарагт мэдэгдлээ.


Уг үйлдвэр нь жилд 10 мянган “Megapack” цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. “Megapack” нь эрчим хүч хуримтлуулах маш том цэнэг хураагуур бөгөөд эрчим хүчний сүлжээг тогтворжуулж, тасалдахаас сэргийлдэг. Тус компани шинэ үйлдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ Хятадад болсон гарын үсэг зурах ёслолын гэрэл зургийг хамт нийтэлжээ.


Tesla” Калифорни муж улс дахь “Megapack”-ийн үйлдвэрийнхээ гарцыг нэмэгдүүлэхийн тулд Шанхайд ийм үйлдвэрээ байгуулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Twitter” хуудсандаа бичсэн байна.


Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг энэ талаар хамгийн анх мэдээлсэн бөгөөд цахилгаан автомашин үйлдвэрлэгч энэ оны гуравдугаар улиралд үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2024 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлээ эхлүүлнэ хэмээн мэдээлжээ.


Tesla” компани нь Калифорнийн Латроп хотод жилд 10 мянган “Megapack” үйлдвэрлэх хүчин чадалтай мега-үйлдвэртэй юм. 

Related news