Биткойны ханш 30 мянган ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-11 12:59:46

НЬЮ-ЙОРК. /Coindesk/. Гуравдугаар сарын банкны салбарын дуулиан намжиж, хөрөнгө оруулагчид АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын талаар илүү өөдрөг үзэлтэй болоод буй энэ үед биткойны ханш 30 мянган ам.доллароос дээшилж өслөө.


Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд тооцогддог энэхүү криптовалютын ханш сүүлийн 24 цагийн дотор 6.75 хувиар өсөж 30 237 ам.доллароор арилжаалагджээ.  


Хамгийн сүүлд биткоины ханш 2022 оны зургаадугаар сарын 10-нд 30 мянган ам. доллар давж байсан бөгөөд түүнээс хойш 2022 оны сүүлчээр болон 2023 оны эхний хэдэн долоо хоногийн турш 20 мянган ам.доллароос доошилж буурсан үзүүлэлттэй байв.


Инфляц саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлж байсан нэгдүгээр сард биткойны ханш хурдацтай өсөж, хоёрдугаар сард зогссон боловч “Silicon Valley”, Signature” банкны дампуурлын дараа хөрөнгө оруулагчид АНУ-ын мөнгөний тогтолцооны тогтвортой байдалд эргэлзэж, үнэ цэнээ үл алдах хөрөнгийг илүү сонирхож эхлэх үед гуравдугаар сарын сүүлчээр дахин огцом өсөж эхэлжээ. Алтны үнэ сүүлийн үед мөн огцом өсөж 2020 оноос хойш анх удаа 2 мянган ам.доллар даваад байна.

Related news