Баруун хойд Австралийг хүчтэй хар салхи дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-14 12:53:03

КАНБЕРРА. /ABC/. Австралийн хүн ам сийрэг суурьшсан баруун хойд эргийг сүүлийн найман жилд тохиож байгаагүй хүчтэй хар салхи дайрчээ. Баасан гарагт салхины хурд цагт 289 км хүрсэн ч удалгүй суларсан байна Одоогийн байдлаар гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй байна.


Хамгийн хүчтэй буюу 5 дугаар зэрэглэлийн “Ilsa” хар салхи Баруун Австралийн Пилбара эргийг дайран өнгөрч, эх газрын гүн рүү чиглэлээ өөрчлөхдөө салхины эрч 3 дугаар зэрэглэлд хүрч суларсан гэж тус улсын Цаг уурын товчоо мэдээлжээ.


“Ilsa” хар салхинаас учирсан хохирлыг үнэлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, төмрийн хүдрийн экспортын боомт хот болох Порт Хедланд болон Валлал Даунс өртөөний хооронд орших 2 020 хавтгай дөрвөлжин талбай бүхий мал аж ахуйн томоохон фермд хөрсний нуралт үүсжээ.


Порт Хедланд хотоос зүүн хойд зүгт 150 км-ийн зайд орших алслагдсан "Pardoo Roadhouse and tavern" дэн буудал хар салхинд хамгийн их нэрвэгдсэн гэж Гал түймэр, онц байдлын албаны ажилтан Петер Суттон мэдээлсэн байна. 


“Ilsa” хар салхи нь үер дагуулсны улмаас эх газрын зарим хот суурингийн зам харилцаа тасарч болзошгүй гэж цаг уурчид анхааруулжээ

Related news