Польш, Унгар улс Украинаас үр тариа импортлохыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-17 11:04:51

ЛИОН. /Euronews/. Польш, Унгар  улсын эрх баригчид дотоодынх нь тариаланчдад их хэмжээний хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр Украины үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.


Украины бүтээгдэхүүн Европынхоос хамаагүй хямд байдаг. ОХУ Украинд халдан довтолсны дараа Хар тэнгисийн боомтууд хаагдаж, Украины экспортын дийлэнх хэсгийг хуурай замаар тээвэрлэж эхэлсэн төдийгүй ЕХ Украины бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлжээ. Зарим мэдээллээр, сар бүр хагас сая гаруй тонн Украины бүтээгдэхүүн Польшоор дамжин өнгөрч байгаа аж. 


Украины эрх баригчид дээрх шийдвэрийг радикал, нэг талыг барьсан хэмээн буруушааж, түүнээс гадна Польш улсын хувьд дөнгөж саяхан дөрөвдүгээр сарын эхээр байгуулсан хоёр талын хэлэлцээрийг зөрчиж байна гэж мэдэгджээ.


Гэсэн хэдий ч Варшав, Будапешт тариаланчдаа хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдэж, Киевтэй цаашид хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа тэмдэглэсэн байна. 

Related news