Сансарт зургийг нь авсан анхны кино өнөөдөр нээлтээ хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-20 15:14:42

МОСКВА. /RT/. Олон улсын сансрын станцад (ОУСС) зургийг нь авсан дэлхийн анхны уран сайхны кино болох найруулагч Клим Шипенкогийн "Вызов" киноны нээлт өнөөдөр боллоо.


Уг киноны зургийг авахаар найруулагч Клим Шипенко, гол дүрийн жүжигчин Юлия Пересильд нар сансрын нисгэгч Антон Шкаплеровын хамт "Союз МС-19" сансрын хөлгөөр 2021 оны 10 дугаар сарын 5-нд ОУСС руу ниссэн билээ. Зураг авалтынхаа дараа К.Шипенко, Ю.Пересильд нар 2021 оны 10 дугаар сарын 17-нд дэлхий рүү буцаж ирсэн юм.


Цээжний хөндийн мэс засалч Женя (Юлия Пересильд) сансрын нисгэгчийг аврахын тулд нэг сарын дотор багтан сансрын нислэгийн бэлтгэл хийж, ОУСС-д очих ёстой болсноор киноны үйл явдал өрнөнө. Мэс засалч бүсгүй Сансрын нисгэгчийг дэлхий рүү амьд мэнд буцаахын тулд жингүйдлийн нөхцөлд маш нарийн төвөгтэй мэс засал хийх хэрэгтэй болно.


"Сансарт зургийг нь авсан анхны кино гэдэг нь л бүгдийг илэрхийлнэ. Зургийн талбайд биш, компьютер дээр ч биш, харин дэлхийгээс гарч үүрд мөнхийн орчлон, оддын дунд зураг авснаар кино урлагийн түүхэнд анх удаа үзэгчид сансрын орон зайг яг байгаагаар нь бодитоор харна" гэж “Нэгдүгээр суваг”-ийн ерөнхий захирал Константин Эрнст ТАСС-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.  


Уг кино нь ОХУ болон бусад 20 гаруй орны кинотеатруудад гарна.




Related news