Жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчил арилахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-07 12:22:40

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр замын  хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нарт нэгдсэн шалгалт зохион байгууллаа.

Шалгалтанд хөдөлгөөнд оролцож буй 325 тээврийн хэрэгсэл шалгагдсанаас  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6, зөрчилтэй явсан 18 тээврийн хэрэгслийг түр саатуулан холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна. Жолооч нар хамгаалалтын бүс зүүж хэвшээгүй, бичиг баримтаа биедээ авч явдаггүй, машины гэрэл дохиогоо шилжүүлдэггүй зэрэг  нийтлэг зөрчил гаргадаг. Энэ бүгдийг мэдсээр байж дагаж мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй явдал өнөө хир нь байсаар байгаа нь энэ удаагийн нэгдсэн шалгалтаар ажиглагджээ. Аймгийн төвийн уулзвар орчмын замуудад тэмдэг тэмдэглэгээ, явган хүний гарцыг өнгөрсөн онд шинээр хийсэн. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч хэвшээгүй байгаа тухай ярьж байна.

Тиймээс нийт жолооч нар болоод  иргэдийг замын хөдөлгөөний дүрэм, журмаа биелүүлж, хамгийн гол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.

Т. Одончимэг

Related news