ӨМНӨГОВЬ: Тод манлай уяач Д.Даваахүү сумдад хурдан удмын адуу бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-27 10:05:43

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн уяачдын нэгдсэн зөвлөгөөнийг Даланзадгад хотод 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулж, улс, аймаг сумын цолтой 100 гаруй уяач оролцлоо.

 

Зөвлөгөөнд урилгаар ХХ зууны их хүлэгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Намдагийн Хүрлээ нар оролцож, мэдлэг туршлагаасаа уяачидтай хуваалцлаа.

 


Данзаннямын Даваахүү хэлэхдээ, “Говь шанх” наадмыг анхлан уламжлал болгон зохион байгуулж ММСУХ-ны үйл ажиллагааг идэвхжүүлэн цэгцэлсэн явдалд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэд талархаж явдгаа илэрхийлээд, өөрийн хурдан удмын адуунаасаа Өмнөговь аймгийн 15 суманд тус бүр 15 хурдан морийг бэлэг болгон өглөө.

Зөвлөгөөний үеэр Өмнөговь аймгийн морин спортод үнэтэй хувь нэмэр оруулсан уяачдыг шагнаж урамшууллаа. 



 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү

Манай говь нутгийн уяачид уулзалт зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Үр дүнтэй ажил болж байна гэж би хувьдаа бодож сууна. Яагаад гэхээр аливаа улс орон эх хэл, арвин их түүхээ хайрлан хамгаалж явдаг. Дэлхийн талыг эзлэхдээ монгол адуутайгаа байсан улс шүү дээ. Үүний үргэлжлэл нь эрийн гурван наадам болон хурдан морины өв соёл юм. Тэгэхээр энэ өв соёлоо сэргээн хөгжүүлэх чиглэлээр их ажил хийж байгаа Өмнөговь аймгийн Морин спортын уяачдын холбоо, орон нутгийн удирдлагад баярлаж талархсанаа илэрхийлье.

Өмнөговь аймгаас төрийн наадамд хурдан хүлгээ түрүүлүүлсэн олон сайхан уяачид байдаг. Ингээд өмнийн говийн уяачдадаа амжилт хүсээд олон сайхан хурдан хүлэг нь түрүү магнайд хурдалж байх болтугай хэмээн ерөөе.  


Булган сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Намдагийн Хүрлээ

Аймгийнхаа нийт уяачдад мэнд дэвшүүлье. Энэхүү уяачдын хэлэлцүүлэг, морин спортын нэгдсэн зөвлөгөөн өргөн дэлгэр сайхан болж байна. Бид тэр бүр ийнхүү нэгдэж уулзан хоорондоо туршлага судалж, ололт амжилтаа хуваалцах болж бага байдаг. Удахгүй уяачдын уяа сойлго ч эхэлнэ. Тэгэхээр цаг үеэ олсон үр дүнтэй ажил болж байна. Зөвлөгөөн хэлэлцүүлгийг зохион байгуулахад сум, орон нутгаас сайн дэмжиж өглөө. Бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлье. Уяачид ч их баярлаж талархаж байгаа.

Миний хувьд нутаг орныхоо нэрийг гаргахаасаа илүүтэй адуу гэдэг амьтны төлөө сэтгэл зүрхээ зориулж хичээн ажиллаж байна. Энэ жилийн хувьд өвөлдөө их хүйтэн, өвс, тэжээл үнэтэй, ган зудтай хүндхэн байлаа. Гэсэн хэдий ч уяачид бид хамтаараа, багаараа хичээж хойш суулгүй даван туулж байна. Удахгүй урин дулаан цаг ирж, бороо хуртай дэлгэр зун болж Говь шанхын наадам өргөн дэлгэр сайхан болно гэж найдаж байна.  

Related news