СОЁЛЫН ЭЛЧ: О.Оюунтуяа: “НордАрт”-ын үзэгчид монгол уран бүтээл, уран бүтээлчдийг хүлээдэг болсон
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяатай ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-д жил бүр болдог олон улсын орчин үеийн дүрслэх урлагийн “НордАрт” үзэсгэлэнд монгол уран бүтээлчдийг оролцуулах ажлыг амжилттай зохион байгуулж байгаа юм.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу. Таныг ХБНГУ-д амьдарч буйг манай уншигчдын дийлэнх мэдэж байгаа байх. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-2008 оноос Соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч, менежер, судлаач мэргэжлээрээ тууштай ажиллаж байна. Мөн ХБНГУ-д үйл ажиллагаа явуулах Монгол Улсын Соёлын элчээр 2016 оны 5 дугаар сараас томилогдон ажиллаж байна. Монголд өмнө нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд сурч байсан, шинжлэх ухааны удирдлага зүйчээр магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь Германд Постдамын их сургууль /UP/ ба Постдамын Мэргэжлийн дээд сургуулийг /FHP/ “Европын хэвлэл мэдээллийн салбар судлал” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, ахисан түвшинд Берлин хотын Чөлөөт их сургуулийг /Freie Universität/ “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч” мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.
2013 онд “Arts & Media Project Management & Consulting” компаниа Германд байгуулж, Монгол Улс ба ЕХУ хооронд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ Монгол Улсыг олон улсад сурталчлах зөөлөн хүчний бодлого, гадаад сурталчилгаа, соёлын солилцооны хүрээнд төслүүд хэрэгжүүлж, 2015 онд “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” нийгэмд үйлчлэх ТББ-аа албан ёсоор Монголд бүртгүүлсэн. Энэ байгууллагын үүсгэн байгуулагч, төслийн удирдлагаа хариуцдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 60 гаруй салбар хоорондын олон талт төслүүдийг хэрэгжүүлээд байна.
-Та хэзээнээс Герман Улсад амьдарч байна вэ. Монголынхоо соёл урлагийг гадаадад сурталчлах ажлыг эхлүүлэх санаа анх хэрхэн төрөв?
-Германд 2000 оноос хойш ажиллаж, амьдарч байна. Монгол Улсаа олон улсад 18 наснаасаа сурталчилж эхэлсэн. Би 10 жилдээ хөнгөн атлетик, сагсан бөмбөгөөр хичээллэдэг спортын хүн байсан. Найз маань нэг удаа намайг “Дархан Мисс-94”-т бүртгүүлчихсэн гэж билээ. Тэгээд тэр тэмцээнд түрүүлсний дараа Монголын “Хатан-Эрдэнэ” холбооноос надад “Монголын оюутан мисс-94” тэмцээнд оролцох урилга, эрхийн бичгийн хамт ирүүлсэн юм. Тус тэмцээнд ч түрүүлж “Дэлхийн оюутан мисс”-д Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцохоор болсон. Тухайн жилийн 12 дугаар сард болсон "Монголын сайхан бүсгүй" шалгаруулах тэмцээнд мөн түрүүлж Алтан эрдэнийн өргөмжлөл хүртэж байв.
1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд хувиар авч оюутан болсон. Уг нь герман хэлний ангид сурахаар төлөвлөж байсан ч дэлхийн тэмцээнд оролцох болсон учир богино хугацаанд англи хэл сурах шаардлага гарсан. Үүний хажуугаар олон төрлийн авьяас чадвар эзэмших, хувь хүний төлөвшил, мэдлэгээ дээшлүүлэх, монгол өв соёлоосоо суралцах зэрэг өөрийгөө хөгжүүлэх олон шаардлага гарч ирсэн.
Иймд тухайн үед ажил мэргэжлээрээ Монголын сор болсон “алтан үеийнхэн” намайг энэхүү олон улсын тэмцээнд шаардлагатай бүхий л чиглэлээр бэлтгэж, сургаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, намайг спортын хүнээс эмэгтэйлэг болгож хүмүүжүүлсэн. Тэр жил “Дэлхийн оюутны мисс” Хавайд болох байсан тул усанд сэлж сурч байлаа. Дууны хичээлийг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш, үндэсний аман хуур хөгжмийг МУСГЗ Г.Явгаан, Гадаад харилцааны яамны ёслолын албанаас ахмад дипломатч Г.Луузан гуай, англи хэлийг Бизнесийн дээд сургуулийн америк багш Бетси нар багшилж байв. Мөн уран сайхны гимнастикийн багш н.Марта, “Хар ирвэс” клубийн багш н.Ганзориг, бүжгийн багш МУГБ Б.Алтанцэцэг, СУИС-ийн бүжгийн ангийн оюутнууд надад зааж сургаж байлаа. МУСГЗ, зохиолч яруу найрагч Ү.Хүрэлбаатар Монголын түүх соёлын талаар, "Ганга гоёл" компанийн захирал Б.Дунгаамаа тайзны болон биеэ авч явах урлагийн талаар зөвлөхөөс гадна гоо сайханч н.Эрдэнэбулган, "Сарнай" салон, хувцас загварын Н.Соёлмаа эгч, үндэсний хувцасны н.Доржпагам эгч, “Хатан-Эрдэнэ” холбооны ерөнхийлөгч Ж.Чинбат, нарийн бичгийн дарга Д.Энхсайхан эгч гээд олон хүн тусалж дэмжиж байсныг дурдах хэрэгтэй. Тэд “Дэлхийн оюутны мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор явж байгаа 18 настай жирийн нэг охиныг олон талын авьяас, мэдлэг боловсролтой болгох гэж бэлтгэсэн дээ.
-Та тухайн үед тэднийхээ итгэлийг нь алдалгүй, амжилт үзүүлсэн шүү дээ?
-Хавайд 1994 оны намар болох тэмцээн хойшилж, 1995 оны хавар Сөүлд болж байлаа. Энэхүү тэмцээнд шилдэг 10-т шалгарч, тусгай байрын шагнал хүртсэн. Солонгосын үндэсний “Ариранг” дууг нь Хайдав багшийнхаа зааснаар дуулж, Явгаан багшийнхаа зааснаар аман хуур хөгжмөөр хөгжимдөхөд үзэгчид талархалтайгаар хүлээн авч байсан нь сэтгэлд хоногшин үлджээ. Түүнээс хойш 1995 оны 9 дүгээр сард “Carrie-Asian Model Search“ Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд анх удаа мистер н.Тэмүүжингийн хамт оролцож, загварын ертөнцөд хөл тавьж байсан. 1996 онд Тайваньд болсон “Tourism Miss international”, Германд болсон “Queen of the World” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, эх орноо олон улсад сурталчилж явлаа.
2000 онд Германд ITB буюу олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдааны хүрээнд болсон Монголын Соёлын өдрүүдээр дизайнер Н.Соёлмаа эгч "Хатад" загвараа 10 загвар өмсөгчтэй толилуулсан. Тухайн үед Герман Улсын Засгийн газраас Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван жилийн санхүүжилттэй байсан. Тэрхүү хөтөлбөрийг хариуцсан герман мэргэжилтэн Н.Соёлмаа дизайнертай холбогдсоноор бид Герман, Франц явж байлаа.
-Германд таны бие даан эхлүүлсэн анхны ажил юу байв. Тэрхүү ажлаа эхлүүлэхдээ өөртөө хэр их итгэлтэй байв?
-Зөөлөн хүчний бодлогын хүрээнд “Culture marketing as a management tool for Place Branding processes”, “Соёлын маркетинг нь орон нутаг, үндэстний брэндийг бий болгох менежментийн хэрэгсэл болох нь” сэдвээр нарийвчлан судалж дипломын ажлуудаа бичсэн.
2008-2012 онд Герман, Хятад улсын соёлын солилцооны төсөл хөтөлбөрүүдийг хариуцан төслийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Энэ хугацаанд хүрээлэнгийн үйл ажиллагааны хүрээнд соёл урлаг, эрдэм шинжилгээ, судалгааны олон улсын 30 төслийг удирдан хэрэгжүүлэхдээ Герман, Хятадын соёл, урлагийн салбарын 140 гаруй мэргэжлийн байгууллагын сүлжээнд нэвтэрч, менежмент, удирлагатай шууд харилцан, соёл хоорондын солилцоо, яриа хэлцэл, соёлын харилцааны талбарт ажиллаж, дипломат харилцаа, зөөлөн хүчний бодлогын хүрээнд ямар ажил хийх боломжтой талаар туршлага хуримтлуулсан.
Тийм ч учраас 2014 оны эхээр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нартай олон улсад эх орноо сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсыг Венецийн биеннальд анх удаа оролцуулах, Монголын бие даасан павильон гаргах талаар зөвлөлдөн ярилцсан. Улмаар Венецийн биенналийн удирдлага, гүйцэтгэх захиралтай 2014 оны эхээр уулзаж, үйл ажиллагааг нь албан ёсны Комиссараар томилогдон эхлүүлсэн. Бэлтгэл ажлыг герман, итали, монгол мэргэжлийн баг бүрдүүлэн 16 сарын туршид хэрэгжүүлсэн хэдий ч, төслийн явцын дунд үүссэн нөхцөл байдлын улмаас тухайн үед ажиллаж байсан багаа 2015 оны 2 дугаар сард бүрэн татаж авсан. Тиймээс Венецийн биенналь зохион байгуулах ажилд миний болон бидний нэр дурдагддаггүй.
Монгол Улс ХБНГУ-тай соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт олон жилийн тогтвортой хамтын ажиллагаа, соёлын солилцоотой билээ. 2014 онд Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Ц.Болор сайдтай ярилцан “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын бие даасан павильоныг зохион байгуулах, албан ёсны тогтвортой хамтын ажиллагааны хэлэлцээрийг Сайдтай хамт очин байгуулсныг НордАртын гэрлийн шөнө үйл ажиллагааны үеэр албан ёсоор зарласан.
Монгол Улс 2015 онд “НордАрт” олон улсын үзэсгэлэнд онцлох орноор оролцож, бие даасан анхны павильондоо 3000 ам метр талбайд 33 уран бүтээлчийн 120 үзэсгэлэнг анх удаа 80 мянган үзэгчдэд амжилттай толилуулж байв. Тухайн жилд манай уран бүтээлч А.Очирболд тусгай шагнал хүртсэн.
Мөн 2015 онд “ITB-Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Монгол Улс түнш орноор оролцсон. Бид Германы "Амара" кино продакшнтай хамтран Монголыг сурталчлах 10 минутын богино имиж кино хийхээр 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл давхар ажилласан. Уг кино нь 2016 онд Францын Дэвийлийн олон улсын кино нааадмаас "Deauville Green Awards" шагнал хүртсэн.
-Монгол Улс ХБНГУ төдийгүй Европт томоохонд тооцогдох “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд оролцоход таныг чухал үүрэг гүйцэтгэж явааг мэднэ. Энэхүү үзэсгэлэнд манай уран бүтээлчид хэзээнээс оролцож байна вэ?
-“НордАрт” олон улсын дүрслэх үзэсгэлэнтэй хамтын ажиллагаа нь манай Монголын дүрслэх урлагийн салбар, уран бүтээлчдийн сүүлийн 10 жилийн хөгжилд ач холбогдол бүхий нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. НордАрт нь энэхүү салбарт 2015 оноос хойш томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна. 2015 онд Монгол Улс анх "Онцлох орон"-оор оролцож, 2016, 2019, 2022 онд гээд тус тус бие даасан павильоныг зохион байгуулсан. 2017, 2018, 2021, 2023 онд монгол уран бүтээлчид олон улсын үзэсгэлэнд шалгаран тасралтгүй оролцож байна.
Өнгөрсөн хугацаанд олон улсын уран бүтээлчдийн мэргэжлийн болон соёлын солилцоо олон шатанд явагдлаа. Нийт 120 гаруй уран бүтээлчийн 350 гаруй бүтээлийг Европын урлаг сонирхогчдод гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд толилуулан, сурталчилсан. Өнгөрсөн жилүүдэд манай уран бүтээлчдийн чадавх, бүтээлийн онцлог чанар, агуулга концептын хувьд хөгжиж буйг тодорхой харж болно.
-Та Германд олон жил амьдарч байгаа. Германчууд Азийн, тэр дундаа Монголын уран бүтээлчдээс юу хүлээж байдаг бол. Тэдний сонирхол, хүлээлт юу вэ гэдгийг манай уран бүтээлчид мэдэхийг хүсч байгаа байх?
-Ер нь Герман гэлтгүй Европын холбооны улс, дэлхийд манайхан гарлаа гэхэд тогтвортой хамтын ажиллагаа хамгийн чухал. Тиймээс бид амласан зүйлээ мэргэжлийн түвшинд, хугацаандаа, зөв менежменттэй хийх, хамтарч ажиллаж буй түншүүддээ өөрсдийн давуу тал, зохион байгуулалтаа зэрэгцүүлэн ажиллах хэрэгтэй.
Уран бүтээлч, куратор, менежерүүд олон улсын үзэсгэлэнд оролцохдоо зохион байгуулах ёс зүй, зарчим, төлөвшилтэй, хэтийн зорилготой байгаасай. Мэргэжлийн онцлог, чадварыг хүлээн зөвшөөрч хандлагаа өөрчилж сурах хэрэгтэй. Өөрийн гэсэн төлөвшилтэй, тууштай уран бүтээлч хол явна. Мөн хамтын ажиллагаанд оролцож буй байгууллага, улс аливаа зүйл дээр тогтвортой байгаасай. Манайхны хувьд баг болж хэтийн зорилгоо марталгүй дуустал нь тогтвортой ажиллаж сурах хэрэгтэй байна.
-Тухайлбал, “НордАрт” олон улсын үзэсгэлэнг үзэгчид Монголын уран бүтээлчдийг хүлээдэг болсон гэх юм билээ?
-“НордАрт”-ыг зуны улиралд 120 мянган үзэгч зорин очиж үздэг. “НордАрт”-ын үзэгчид монгол уран бүтээл, уран бүтээлчдийг хүлээдэг болсон. Өөрийн гэсэн дуртай, сонирхдог уран бүтээлчтэй болж, бүтээлийг нь худалдан авч, хэрхэн хөгжиж байгааг ажигладаг, дагадаг, мэдээллийг нь авдаг. “НордАрт”-ын уран бүтээлчийн хувьд өсөж хөгжсөн, олон улсад нэртэй, байр сууриа олсон, урлаг сонирхогчдын хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч гэвэл уран барималч А.Очирболдыг нэрлэж болно. Анх 2015 онд “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлээ уран баримлын симпозиумын үеэр үзэсгэлэнгийн орчинд гурван долоо хоногийн хугацаанд турвиж, тухайн жилдээ үзэгчдийн шагнал хүртсэн.
Үзэсгэлэнг үзсэн 80 мянган үзэгч үнэхээр сонирхол татсан уран бүтээлчийнхээ бүтээлийг шалгаруулсан нь түүнд маань маш их урам хайрласан.
А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг мөн 2015 онд Монголын павильонд анх удаа толилуулахад үзэгчдийн анхаарлыг татаж байсан бол 2017 онд НҮБ-ын цэцэрлэгт хүрээлэнд гурван метр өндөр хэмжээгээр ган хэлбэрээр хийгдсэн. Улмаар А.Очирболд 2019 онд “НордАрт”-ын шилдэг уран бүтээлч буюу Гран при шагналыг “Дэгрээ” бүтээлээрээ хүртсэн. Олон улсад үнэлэгдсэн амжилттай яваа уран бүтээлч болон уран бүтээл нь эх орондоо мөн хүлээн зөвшөөрөгдөөд ирж байгаа юм. Одоо Монголд Очироогийн ухамсар бүтээлийг мэдэхгүй, хараагүй, сонсоогүй хүн ховор болов уу.
Энэхүү олон жилийн ажлын үр дүн амжилтын ард “НордАрт”-д Монголын павильоныг зохион байгуулдаг урлаг, соёлын менежер, судлаач, маркетинг, харилцаа холбоо, олон улсын харилцааны мэргэжилтэн зэрэг 10 гаруй залуучууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мэргэжлийн баг /AMPMC NGO/ бүрдүүлэн тогтвортой ажилласаар ирснийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Менежер, кураторын хувьд уран бүтээлчийг чиглүүлэх үүрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд монголынхоо урлаг, түүх, соёл, ёс заншлыг сурталчилсан нийт хэдэн ажил зохион байгуулав?
-Соёлын элч нар 2016 оноос Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг Европын зах зээл рүү түлхүү гаргахад дэмжин хамтран ажиллах чиглэл аван ажиллаж байна. Миний хувьд дээр дурдсанчлан 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. 10 жилийн дараа эргэн харахад монгол уран бүтээлчид үнэхээр чадварлаг болж байна. Уран бүтээлч бүр өөрийн гэсэн онцлогтой, олон талт авьяастай, хувирах боломжтой, хамтарч ажиллах тал руугаа хөгжөөд эхэлсэн. Одоо бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг дүрслэх урлагийн салбарын хувьд Венецийн биенналь, “НордАрт”-аас гадна уран бүтээлчид бие даасан томоохон үзэсгэлэн, биенналуудад оролцож байна.
Соёлын өвийг сурталчлах ажлын хүрээнд 3 жил тутам зохион байгуулдаг, Европын язгуур урлагийн 30 дугаар наадамд 2019 оноос Монгол Улсыг албан ёсоор оролцох замыг нээж өгсөн. “Бөртэ” хамтлаг болон 18-80 насны соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 4, 5 үеийн өв тээгч нарыг 2019 онд урин оролцуулж, наадмын 10 хоногт 50 мянган үзэгч Монгол өв соёлоо сурталчилсан. 2025 онд үргэлжлэн оролцоно.
2016 оноос хойш “Берлиний үлгэрийн өдрүүд”-ээр Монголын аман өв соёлоо Герман Улсын хүүхэд залуучуудад жил бүр сурталчлан танилцуулж байна. Үлгэр домог, өв соёл төслөө агуулгаар баяжуулан, өнгөрсөн жил Монголдоо жишиг төсөл болгон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хамарсан 15 хөтөлбөрт нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 9000 хүүхдийг хамруулсан 167 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлж туршсан. Энэхүү төсөл маань 80 гаруй байгууллага, хувь хүний оролцоо, дэмжлэгтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай хэрэгжиж чадсан.
Бид өв соёлоо зөвхөн гадаадад гэлтгүй монгол хүүхэд залуус, өсвөр үедээ сурталчлах хэрэгтэй байна.
Нийт 60 гаруй төслөөр дамжуулан олон нийтэд боловсрол олгоход түлхүү анхааран хоёр улсын хооронд урлагийн боловсролын мэргэжилтнийг чадавхжуулах, туршлага солилцох үүднээс хүүхэд залууст 2019 оноос дөрвөн үе шаттай 6-8 төслийг жил бүр 2-11 дүгээр сард Берлин-Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. Сургуулийн өмнөх болон бага ангийн багш нарын чадавхыг сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүд Монголд ирээд буцсан. Монгол мэргэжилтэн, уран бүтээлч багш нар Германд 2-3 сарын хугацаатай байрлан, герман хүүхэдтэй ажиллан, багш нартай харилцан мэргэжлийн ба соёлын солилцоо хийж байна.
Шинжлэх ухаан, боловсролын салбарт 2019 оноос залуу эрдэмтэн судлаачдын дунд “Falling Walls Lab Mongolia” форумыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, 2020 оноос МУИС-тай манай ТББ хамтран зохион байгуулж, түрүүлсэн залуу эрдэмтэн судлаачийг олон улсын Falling Walls Lab International Finale форумд оролцуулж байна. Дэлхийн 80 орны 100 залуу эрдэмтэн судлаач Берлин хотноо 11 дүгээр сард цугларан чуулж, өрсөлдөн, шалгарсан судалгааны гурван ажил олон улсын санхүүжилт олж хамтын ажиллагаагаа өргөтгөдөг. Falling Walls Foundation, ГХЯ болон Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ, DAAD, INWES нар дэмжин дэмжин хамтран ажилладаг. Энэ жилээс БШУЯ, ШУА албан ёсоор дэмжин хамтран ажиллах талаар ярилцаж байна.
-Европын орнуудад томилогдсон Соёлын элчүүдтэйгээ хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Герман дахь Соёлын элч нартайгаа холбоотой ажилладаг. Германд 2018 оноос хойш нэлээн олон Соёлын элч томилогдсон. Соёлын салбар өргөн хүрээтэй учир нэг хүний хийж барах ажил биш. Тайзны урлагт бүжигчин Ц.Гэрлээ илүү чиглэж ажилладаг бол С.Бадамхорол уртын дуу, өв соёл, язгуур урлаг, бүжигчин н.Одбаяр орчин үеийн тайзны балет гээд тус тусдаа үүрэг хариуцлагатай. Энэ жил уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ нэмэгдсэн. Миний хувьд дүрслэх урлагийн салбараас гадна соёл, урлагийн менежмент, салбар хоорондын тогтвортой хамтын ажиллагаанд чиглэн ажиллаж байна. Мөн Соёлын элч ноён Вагнер, Хайхэл нар дуу хөгжим тал руугаа голчлон ажилладаг байх жишээтэй. Бид Герман дахь Монгол Улсын ЭСЯ, консулуудтайгаа маш сайн харилцан холбоотой ажилладаг.
-Соёлын элчийн хувьд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 21-ний хооронд “НордАрт”-тай хамтын ажиллагааны 10 жилийн ойгоо угтан НордАртын олон улсын уран бүтээлчээс 9 орны 10 уран бүтээлчийг Монголдоо урин “НордАрт-МонАрт” олон улсын уран баримлын симпозиумыг, “Их хотын баримлууд” нээлттэй орчин дах үзэсгэлэнг 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
2024 онд Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын тав дахь удаагийн бие даасан павильон зохион байгуулагдана. Одоо бэлтгэл ажилдаа орсон. Мөн Монгол Улс “НордАрт”-тай хамтын ажиллагаа эхэлсний 10 жилийн ой давхцаж байгаа учир Улаанбаатар хотноо “НордАрт-МонАрт” олон улсын уран баримлын симпозиум, “НордАрт”-ын салбар үзэсгэлэн тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Түүнээс гадна 2024 оны 5-10 дугаар сард Германы дөрвөн мужид Монголын дүрслэх урлагийн том хэмжээний үзэсгэлэнг дагавар хөтөлбөрүүдийн хамт музейн орчинд зэрэг зохион байгуулна. Тиймээс энэ жил олон улсын кураторуудтайгаа Монголд ирж, уран бүтээлчид, уран бүтээлүүдийн сонголт, судалгаа хийнэ.
Урлагийн боловсрол, соёлын менежмент, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн, салбар хоорондын хамтын ажиллагааны бусад төслөө үргэлжлүүлэн өргөн хүрээтэй хэрэгжүүлнэ.
Related news

