ДОРНОД: Хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” төсөлд иргэд шүүмжлэлтэй хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-28 07:28:50

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ онд 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүн болох багаасаа” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Тодруулбал, төслийг гадаад хэл, авьяас, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв, дугуйлан, секцүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү өндөр төсөв бүхий ажлыг зарим иргэн, сургалтын байгууллагууд эсэргүүцсээр байна. Учир нь сургалтын төвүүдийн төлбөрийн үнэлгээг 50 мянган төгрөг болтол буулгаж, үүний 30 мянган төгрөгийг аймгаас, 20 мянган төгрөгийг тухайн хүүхэд төлөхөөр зохицуулсан нь боловсрол мэдлэгийг үнэгүйдүүлсэн, урлаг, спорт, гадаад хэлний сургалтын төвүүдийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулсан ажил болж байна гэж үзэж буйгаа цахим орчинд илэрхийлсээр байгаа юм. Түүнчлэн 2.2 тэрбум төгрөгөөр Хүүхдийн ордон барих зэргээр хүүхдэд зориулсан бодитой бүтээн байгуулалт хийхийг шаардсаар байна.  

8-14 насны хүүхдүүд төлбөрийн хөнгөлөлттэйгээр зургаан сарын турш өөрийн хүссэн дугуйлан секцэд хамрагдан, анхан шатны боловсрол мэдлэг чадвар эзэмших юм. Тухайлбал, сурагчид англи, орос, солонгос, хятад, япон хэлнээс сонгон суралцах бөгөөд энэ чиглэлээр судалгаа авахад судалгаанд оролцсон нийт суралцагч болон эцэг эх, асран хамгаалагчдын 57.5 хувь нь англи хэл, 22.5 хувь нь солонгос хэл, 11.1 хувь нь япон хэл, 8.9 хувь нь орос, хятад хэлийг сурах хүсэлтэй гэж хариулжээ.

Харин “Авьяас хөтөлбөр”-ийн хүрээнд судалгаа авахад 32.9 хувь нь бүжиг, 24.5 хувь нь уран зураг, 20.8 хувь нь хөгжим, 7.9 хувь нь ардын язгуур урлагийн дугуйланд хамрагдах хүсэлтэй гэх зэргээр хариулсан байна.

Аймгийн хэмжээнд 31 мянган хүүхэд амьдардаг.

Related news