Хөвсгөлд барилгын сорилт шинжилгээний лаборатори нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэд 19 төрлийн багаж төхөөрөмжөөр 22 төрлийн сорилт, шинжилгээг хийж дүгнэлт гаргах боломжтой барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори шинээр нээгдлээ.
Энэхүү лаборатори ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэж байгаа төдийгүй тус аймагт баригдаж буй барилга, байшингууд чанартай барилгын материалаар баригдах үүнийг дагаад барилгын чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм.
Лабораторийг барилгын салбарын 90 жилийн ойг угтан шинээр ашиглалтанд орууллаа. Тус лаборатори нь эрхлэгч, лаборант гэсэн 2 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах бөгөөд Улаанбаатар хот руу дүгнэлт гаргуулахаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрдэг байсан ажлыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд шинжлэх боломж ийнхүү орон нутагт бүрдэж байгаагаараа онцлог ажээ.
Б.Гантуяа