“Google” Охайод дахин хоёр дата төвөө байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-04 14:26:13

ВАШИНГТОН. /AP/. Америкийн “Google” компани хиймэл оюун ухаант технологи болон бусад хэрэгслүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Охайо муж улсад дахин хоёр дата төв байгуулахаар төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ.


Охайо муж улсын Колумбус хотод нэг дата төвтэй Google” нь дахин хоёр шинэ төвөө байгуулснаар тус муж улсад оруулах нийт хөрөнгө оруулалтынх нь хэмжээ 2 тэрбум ам.доллар давах юм.


Технологийн салбарынхны хөрөнгө оруулалтыг ихээр татах болоод буй Охайод мөн “Intel” компани 20 тэрбум ам.долларын чипний үйлдвэрээ барьж байгаагаас гадна “Honda”, “LG” компаниуд Колумбус, Цинциннати хотын хооронд 3.5 тэрбум ам.долларын цэнэг хураагуурын үйлдвэрээ барих гэж буй юм.


Мөн Колумбусын эргэн тойрны бүсэд “Facebook”, “Amazon” компаниудын дата төвүүд байдаг. “Google”-ийн хувьд шинэ дата төвөө Колумбус, Ланкастер хотуудад байгуулах юм байна.


Охайо муж улсын захирагч Майк Девайны хувьд, муж улсаа өсөн дэвшиж буй технологийн төв, дата төвийн зах зээл хэмээн тодорхойлоод, “Google”-ийн хоёр шинэ төслийг сайшаан хүлээн авч байгаагаа мэдэгджээ. 

Related news