“LinkedIn” ажилтнуудаа цомхотгож, Хятадын зах зээлээс гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-09 13:03:39

ВАШИНГТОН. /Reuters/. “Microsoft” корпорацын эзэмшдэг “LinkedIn” олон нийтийн сүлжээ зах зээлийн эрэлт хэлбэлзэлтэй байгаатай холбогдуулан 716 ажлын байраа цомхотгож, Хятадад ажил хайх аппликейшнээ хааж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. 


Нийт 20 мянган ажилтантай LinkedIn”-ий орлого сүүлийн нэг жилийн турш улирал бүр нэмэгдсэн боловч тус компани дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв муудаж байгаатай холбогдуулан ажилтнуудаа цомхотгож буй технологийн компаниуд, түүний дотор толгой компанийнхаа жишгийг дагаж байгаа аж.


Layoffs.fyi” судалгааны байгууллагын мэдээллээр, сүүлийн зургаан сарын хугацаанд дэлхий даяар технологийн салбарт 270 мянга гаруй ажлын байр цомхотголд оржээ.


LinkedIn”-ий гүйцэтгэх захирал Райан Росланский ажилтнууддаа бичсэн захидалдаа, "борлуулалт, үйл ажиллагаа, захиргааны багт ажлын байрыг цомхотгох шийдвэр нь компанийн үйл ажиллагааг оновчтой болгоход чиглэсэн бөгөөд шийдвэр гаргах явцыг түргэсгэхийн тулд ажил үүргийн давхардлыг багасгах зорилготой" гэжээ.


"Зах зээл болон хэрэглэгчдийн эрэлт улам бүр хэлбэлзэж байгаатай холбоотойгоор, түүнчлэн шинээр хөгжиж, тэлж буй зах зээлд илүү сайн хүрч ажиллахын тулд бид борлуулагчдын хэрэглээг өргөжүүлж байна" гэж тэрбээр бичсэн байна. 


Энэхүү өөрчлөлтийг хийснээр 250 шинэ ажлын байр бий болох бөгөөд цомхтголд өртсөн ажилтнууд эдгээр ажлын байранд өргөдөл гаргах боломжтой гэдгийг Р. Росланский мэдээлжээ. 


"LinkedIn" мөн Хятадад санал болгож буй ажлын байр хайх программыг хааж байгаагаа мэдэгдсэн байна. Одоо ашиглаж буй “InCareers” аппликейшнээ наймдугаар сарын 9-нд хаана гэж мэдээлжээ. Тус компани үндсэндээ 2021 онд Хятадын зах зээлээс гарахаар шийдсэн юм.


"Бидний эхний үед олсон амжилтыг үл харгалзан “InCareer” нь ширүүн өрсөлдөөн, макро эдийн засгийн амаргүй уур амьсгалтай тулгарсан нь эцэстээ биднийг үйлчилгээгээ зогсоох шийдвэр гаргахад хүргэлээ" гэж тус компани цахим хуудсынхаа хэрэглэгчдэд мэдээлсэн байна.

Related news