“Virgin Galactic” ирэх сард арилжааны нислэг үйлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2023-05-09 13:45:49

САНТА-ФЕ. /Reuters/. Сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компани сансрын нислэгийн системийг турших нислэгээ энэ сард сэргээж, сансрын арилжааны нислэгээ зургаадугаар сард эхлүүлж байгаагаа даваа гарагт зарлалаа. 


Тодруулбал, компанийн дөрвөн ажилтан оролцох “Unity 25” нислэгийг тавдугаар сарын сүүлчээр үйлдэнэ гэж Британийн тэрбумтан Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан “Virgin Galactic” компани мэдээлжээ. Ричард Брэнсон 2021 оны долоодугаар сард тус компанийн хамгийн сүүлийн сансрын нислэгт оролцсон билээ.


"Unity 25" бол зургаадугаар сарын сүүлчээр арилжааны үйлчилгээ үзүүлэхээс өмнө сансрын нислэгийн бүх систем болон сансрын нисгэгчдийн туршлагад эцсийн үнэлгээ хийх нислэг юм" гэж "Virgin Galactic" мэдэгджээ.


“Unity 25” нь далайн түвшнээс дээш 80 км-ийн өндөрт сансарт үйлдсэн, тус компанийн тав дахь сансрын нислэг болох юм. 


Тавдугаар сарын нислэг нь сансрын нислэгийн системийн сүүлчийн туршилт болно гэж мэдэгдсэний дараа тус компанийн хувьцаа 4 хувиар өссөн байна. Нийлүүлэлтийн сүлжээний хямрал, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан “Virgin Galactic” өнгөрсөн оны тавдугаар сард арилжааны нислэгээ 2023 оны эхний улирал хүртэл хойшлуулсан юм.


“Virgin Galactic” арилжааны нислэгийн 800 тасалбар зарснаас 2005-2014 оны хооронд 200 000-250 000 ам.долларын үнэтэй 600 тасалбар, тус бүр нь 450 000 ам.долларын үнэтэй 200 тасалбар заржээ. 


Related news