Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хоёр сараар сунгаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-11 09:56:00

ИСТАНБУЛ. /Reuters/. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хамгийн багадаа хоёр сараар сунгаж магадгүй гэсэн бодолтой байгаагаа илэрхийлжээ. Гэрээг сунгах асуудлаарх холбогдох талуудын хэлэлцээ Истанбул хотноо лхагва гарагт эхэлсэн юм.


ОХУ-ын тал үр тариа, бордооны экспортод нь тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг тавдугаар сарын 18-ний өдрөөс цааш сунгахгүй гэдгээ мэдэгдсэн байна. М.Чавушоглу Москвагаас хүрэлцэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд дээрх мэдээллийг өгчээ.


Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцсэн асуудлуудад үр тарианы хэлэлцээр багтсан гэдгийг онцлоод, Истанбулд өрнөж буй хэлэлцээ нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Уг хэлэлцээ пүрэв гарагт мөн үргэлжилнэ.   


Украины дайны улмаас улам даамжирсан дэлхийн хүнсний хямралыг даван туулахад хувь нэмрээ оруулахын тулд НҮБ, Турк өнгөрсөн оны долоодугаар сард Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг зуучилсан юм. Улмаар Орос, Украин, Турк, НҮБ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн Хамтарсан зохицуулалтын төвийг Истанбулд байгуулсан билээ. 

Related news