ӨВӨРХАНГАЙ: Богд хааны музейгээс “Өндөр дээдсийн адислал” үзэсгэлэнг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-15 14:11:07

Арвайхээр /МОНЦАМЭ/.Соёлын сэргэлт-2023 аяны хүрээнд Богд хааны ордон музейгээс “Өндөр дээдсийн адислал үзэсгэлэнг Өвөрхангай аймгийн музейн Занабазарын танхимд өнөөдөр нээлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын дэд сайд, М.Батбаяр, Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Монгол Улсын Соёлын элч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар оролцлоо.


Тус үзэсгэлэнд Монголын найман Богдын шүтээн зураг, зээгт наамал, цутгуур, дээл, жанч, малгай,  хантааз, гутал  зэрэг 60 гаруй эд үзмэр дэлгэгдсэн байна. Эдгээрээс онцгой үнэ цэнэтэй үзмэр гэвэл өндөр гэгээн Занабазарын дэг сургууль хийцийн гууль, цутгамал, алтан болон шармал цутгамал, IV Банчин-Эрдэнэ Чойжижалцангийн /1570-1659/ гүсүг гүндаа зэрэг  ховор нандин үзмэрүүдийг дэлгээд байна. Үзэсгэлэн гурав хоногийн турш үргэлжилнэ. 

Related news