Балбын газарчин Эверестийн оргилд 26 дахь удаагаа гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТКАТМАНДУ. /DW/. Балбын газарчин /шерпа/ Пасанг Даваа ням гарагт Эверестийн оргилд 26 дахь удаагаа гарчээ. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр ууланд хамгийн олон удаа авирсан Балбын өөр нэгэн газарчны тогтоосон амжилттай эн зэрэгцсэн байна.
Өдгөө 46 настай
Па Даваа нь Унгарын уулчны хамт Эверестийн оргилд гарсан гэж нэгэн албаны төлөөлөгч
мэдээлжээ.
Балбын талаас Хималайн оргилд гарсан амжилтыг бүртгэдэг мэдээллийн сангийн /Himalayan Database/ мэдээллээр, Па Даваа үүнээс өмнө энэхүү оргилд 25 удаа /2022 онд хоёр удаа/ гарчээ. Өөрөөр хэлбэл, 1998 онд анх удаа амжилттай авирснаасаа хойш тэрбээр бараг жил бүр оргилд гарсан гэсэн үг юм.
Далайн түвшнээс дээш
8849 метр өндөр уулын оргилд түүнээс гадна ердөө ганцхан хүн л мөн адил 26 удаа
гарч байсан нь Балбын Ками Рита хэмээх шерпа юм. К.Ритагийн хувьд өдгөө өөрийн
амжилтыг эвдэж, Эверестийн оргилд 27 дахь удаагаа гарахаар АНУ-ын уулчдын
багийг газарчлан явж байгаа ажээ.
Балба улсад дэлхийн хамгийн өндөр, 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын найм нь оршдог. Шерпа нарын хувьд ууланд авирах ур чадвараараа алдартай бөгөөд гадаадын үйлчлүүлэгчдэдээ ууланд газарчлан амьжиргаагаа залгуулдаг. Энэ оны дөрөвдүгээр сард гурван шерпа уулын аюултай хэсэгт гүн ангал руу унасны дараа энэ жилийн авиралт бага зэрэг хойшилжээ. Аврагчид тэднийг одоог хүртэл олж чадаагүй байгаа юм байна.