“Fifty Fifty” хамтлаг “Billboard Hot 100” жагсаалтад найм дахь долоо хоногтоо бичигдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Fifty
Fifty” охидын хамтлаг “Cupid” дуугаараа “Billboard Hot 100” дууны жагсаалтад найм дахь долоо
хоногтоо дараалан бичигдээд байна.
Тодруулбал, Америкийн
“Billboard”-ын шилдэг
дуунуудын энэ долоо хоногийн жагсаалтад “Cupid”
дуу өмнөх долоо хоногийнхоосоо хоёр байр ахиснаар 17 дугаар жагссан байна.
Ингэснээр шинэ
залуу охидын хамтлагийн амжилт энэ цаг үеийн хамгийн алдартай “K-pop” охидын хамтлагт тооцогдож буй “BLACKPINK”-ийн амжилттай эн зэрэгцэж, хоёр хамтлаг “Billboard”-ын жагсаалтад хамгийн удаан багтсан “K-pop” охидын хамтлаг болжээ.
2020 онд “BLACKPINK” Америкийн дуучин Селена Гомезтой хамтран
гаргасан “Ice Cream”
дуугаараа найман долоо хоног дараалан “Billboard”-ын жагсаалтад багтаж байсан юм.
“Fifty Fifty” хамтлаг “Hot 100” дууны жагсаалтад гуравдугаар сарын 28-нд анх бичигдсэнээр өнгөрсөн 11 дүгээр сараас уран бүтээлээ цацаж эхэлснээсээ хойш хамгийн хурдан энэхүү жагсаалтад багтсан хамтлаг болжээ. Түүнээс хойш байраа ахиулсаар өдгөө шилдэг 20-т багтаад байгаа нь энэ юм.
Ташрамд дурдахад, Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Шюга мөн анхны ганцаарчилсан “D-Day” цомгоороо энэ долоо хоногийн “Billboard 200” шилдэг цомгийн жагсаалтын 36 дугаарт жагссанаар уг жагсаалтад гурав дахь долоо хоногтоо багтсан байна.