Европын өмнөд хэсэгт ган гачигтай зун болохыг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-17 17:19:19

БРЮССЕЛЬ. /Reuters/. Энэ зун Европын өмнөд хэсэг их ган гачигт нэрвэгдэх төлөвтэй байна. Зарим бүс нутагт хэдийнэ усны хомсдол нүүрлээд байгаа бол тариаланчид хэдэн арван жилийн турш байгаагүй их хэмжээгээр ургац алдана гэж тооцоолж байна.


Цаг уурын өөрчлөлт тус бүс нутгийг улам халуун, хуурай болгож байгаа тул олон жил дараалсан ган гачгийн улмаас газрын гүний усны нөөц шавхагджээ. Испани, Францын өмнөд хэсэг, Италид хөрсний хуурайшилт дээд хэмжээндээ хүрсэн байна. Мөн гол мөрөн, усан сангуудын усны түвшин доошилж байгаа нь энэ зун усан цахилгаан станцын үйлдвэрлэл долголдоход хүргэж болзошгүй байна.


Агаарын температур хэдийнээ зуны аагим халууны түвшинд хүрч халж байгаа тул эрдэмтэд Европт дахин ган гачигтай зун болно гэж анхааруулж байна. 


Энэ жилийн хувьд, Испанид байдал хамгийн хүнд байгаа аж.

"Энэ зун ган гачгийн нөхцөл байдал өнгөрсөн жилийнхээс улам дордоно" гэж Испанийн Аликантегийн их сургуулийн газарзүйн шинжилгээний профессор Хорхе Олсина хэлсэн байна.


Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Луис Планас Европын Холбооноос яаралтай тусламж олгохыг хүссэн захидалдаа, "Ган гачгийн байдал асар ноцтой байгаа тул түүний уршгийг дан ганц үндэсний сангийн зардлаар шийдвэрлэж чадахгүйд хүрч болзошгүй" гэж анхааруулжээ. Уг захидлыг тэрбээр Европын комисст дөрөвдүгээр  сарын 24-нд илгээсэн байна. 

Related news