Цэвэрлэх байгууламжийг олон жилийн лагаас нь салгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬИх хэмжээний лаг, бохирдлыг нь цэвэрлэснээр Мандалговийн цэвэрлэх байгууламжийн тунгаагуурууд одоогоор хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
Цэвэрлэх байгууламж механик үйл ажиллагаатай, нэг элс баригч, 4 тунгаагуураар бохир ус шүүгдэн байгальд хаягддаг, хоногт 1300 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар анх ашиглалтад орж байжээ. Ашиглалтын явцад элс баригч болон 3 тунгаагуур нь ажиллагаагүй болсноор зөвхөн нэг тунгаагуураар бохир ус шүүгддэг болж, энэ нь усыг цэвэрлэх биш улам бохирдуулах хэмжээнд хүрсэн байна. Ийм байдлаар цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаад нэлээд хэдэн жилийг өнгөрүүлсэн бөгөөд шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай талаар багагүй хугацаанд яригдсан ч өнөөдөр нааштай алхам огт хийгдээгүй байгаа юм.
“Дундговь- Ус” ОНӨҮГ Мандалговийнхны цэвэр усны хэрэгцээнд зундаа 700, өвөлдөө 900 шоо метр усыг хоног тутамд нийлүүлдэг байна. Үүний 80 гаруй хувь нь бохир ус болон цэвэрлэх байгууламж руу очдог ажээ. Ингээд тооцоход Мандалговийнхны хэрэглээнээс гарсан ус өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжийн нэг хоногийн хүчин чадлаас хэтрээгүй мэт байгаа юм.
Тиймээс олон жилийн турш хуримтлагдсан лаг бохирдлыг нь цэвэрлэчихвэл бохир усны шүүлтийг хэвийн болгох боломжтой гэж тус байгууллагынхан үзээд өөрсдийн хүчээр их хэмжээний лагийг цэвэрлэж, ажиллагаагүй болоод байсан 3 тунгаагуурыг хэвийн болгосон байна.
Цаашид Мандалговьд шинэ цэвэрлэх байгууламж зайлшгүй шаардлагатай. Мандалговийн суурьшлийн бүс тэлж, шинээр газар олголт цэвэрлэх байгууламжийн хаяанд тулж очсон, эл байгууламжийн хүчин чадал, хэвийн үйл ажиллагаа улам бүр доройтож байгаа, байгальд хаягдаж байгаа уснаас үүдэлтэй хөрсний бохирдол ихэсч байгаа зэрэг олон хүчин зүйл Мандалговьд хийх дараагийн томоохон бүтээн байгуулалт бол цэвэрлэх байгууламж яах аргагүй мөн гэдгийг харуулж байна.
Т. Отгонтуяа