Ө.Уянга: Монгол дууриа дэлхийд түгээх том зорилго сэтгэл зүрхний минь гүнд бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянгатай ярилцлаа.
-Та Киргизийн театрт монгол
романсаа тоглоод ирсэн. Киргизид хэр хүлээж авсан бэ?
-Тоглолт маань тэдний сонирхлыг
маш ихээр татсан. Тэд “Монгол романс гэж бид өмнө нь сонсож байгаагүй. Их гоё
ая, аялгуутай, маш мундаг, мэргэжлийн түвшний бүтээлүүд байдаг юм байна. Бид
бас дуулахыг хүсэж байна. Ноотоо солилцож, энэ бүтээлүүдийг мөн тоглохыг хүсэж
байна” гэсэн.
Сонгодог урлаг Монголд хөгжөөд 60
жил, гоцлол дуучин гэдэг статус бий болоод 70 жил болж байна. Дэлхийн том
театруудад манай Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Ардын жүжигчин, Зууны манлай
дуурийн дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин А.Загдсүрэн, Б.Жавзандулам,
Ч.Мөнхшүр, Буриадын Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа
гээд ахмад үеийн олон сайхан уран бүтээлчид маань дуулж байсан. Тэднийхээ араас
дэлхийд гараад дуулаад явж байгаа залуучууд олон байна.
Ер нь Монголын урлагийнхны үеийн үед мөрөөдөж явдаг юм нь дэлхийд бүтээлээ толилуулах. Монгол бүтээлээ дэлхийд түгээж, энэ бол монгол бүтээл юм гэдгийг харуулах, тунхаглах юмсан гэсэн том мөрөөдөл, зорилго надад бий. Энэ бол миний нэг чин хүсэл юм. Б.Шарав гуай дэлхийд бүтээлээ эгшиглүүлж явсан. Н.Жанцанноров гуай ч энэ тухай хэлж ярьдаг, өөрөө хийж бүтээдэг. Би өөрийнхөө хэмжээнд “жижигхээн” бодоод, хөдөлмөрлөөд байгаа ч гэсэн, үүнийг том далайцтай болгоод, эхлэлийг нь тавьчих юмсан гэж боддог, маш их хүсдэг. Тийм болохоор монгол романсын сэдвийг барьж авсан.
-Монгол романсын онцлог ямар
байдаг юм бол?
-Монгол романс бол маш өргөн цар
хүрээтэй, маш философилог шүлэгтэй. Монгол хүний оюун санаа, тэр нүүдэлчин
ахуй, байдлыг романст гүн ухааны хэлбэрээр нь тусгасан байдаг. Тийм ч учраас
тэрийг би дэлхийд гаргах юмсан, олон хэлээр орчуулж, дуулж хүргэх юмсан гэж
боддог. Сүүлийн үед үүнд илүү анхаарч, илүү их цаг зарцуулж, судлаад яваад
байна. Шарав ах маань надад “Монгол романсыг их сайн түгээн дэлгэрүүлж яваарай”
гэж захиж байсан. Би сопрано хоолойнуудаас илүү их Шарав гуайн романсуудыг
дуулсан, олон олон бүтээл дээр нь ажиллаж байсан. 2013 онд Гавьяат жүжигчин цол
авчихаад, Дуурийнхаа театрын тайзнаа дан Шарав гуайн бүтээлүүдээр талархал
хүндэтгэлийн концерт тоглосон.
Миний бодлоор, бид их азтай хүмүүс. Шарав гуай, Жанцанноров гуайтай нэгэн цаг үед амьдарч, алтан сайхан сургаал үгийг нь сонсож, бүтээлүүдийг нь хүмүүст хүргэнэ гэдэг олдохгүй завшаан, ямар ч эрдэнэсээс үнэтэй гэж боддог доо. Сүүлийн үед би Жанцанноров гуайтай уран бүтээл дээр их нөхөрлөж, үгийг нь сонсож байна. Түүний бүтээлүүдийг дуулж, романсуудыг нь хүмүүст хүргэхээр хамтарч ажиллаж байна.
Хөгжим өөрөө хүнийг хөглөдөг,
хөгжөөж, уйлуулдаг
-Та дуурьт олон жил дуулсан
болохоор урын сан тань “зузаан” байгаа. Хэчнээн уран бүтээлд дуулсан байна вэ?
-Би Дуурийн театртаа бараг 20 жил ажиллажээ. Энэ хугацаанд 20-иод дуурийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Дандаа кларатурный сопрано партиг нуруун дээрээ үүрч авч явсан байна. Миний хоолойг илэрхийлж чаддаг Тоскагийн дүрдээ дуулах тусам илүү дурлаж байна. Театрынхан маань Виолеттагийн дүр Уянгаад гоё байдаг гэдэг. Хамгийн сүүлд манайх Р.Леонкаваллогийн “Палячи” дуурийг тавихад гол дүр Неддаг дуулж, урын сандаа өөрийн гэсэн сайхан дүртэй болсон. Тэрнээс өмнө алдарт Доницеттийн “Лючия ди Ламмермур” дуурийн гол дүр Лючияд дуулсан. Энэ дуурийг бүтээхэд Солонгосын уран бүтээлчид ирж, бидэнтэй хамтарч, би бас Солонгос руу явж туршлага судалж байж энэ дүрийг бүтээж байсан. Ер нь гадаадын олон удирдаач, найруулагчидтай хамтран ажиллаж байжээ. “Риголетта” дуурийн Жильда дээр франц удирдаачтай, “Травиата” дуурийг шинэчлэхэд солонгос найруулагчтай ажиллаж, уг дуурийн 40 жилийн ойгоор энэ дуурийн гол дүрийг дуулж байлаа. Драматик партаас “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Аида” дуурийн Аида, “Тоска”-гийн Тоска гэх мэтчилэн дуулж байсан. Кларатурный парти гэвэл Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Розина, “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Тамина гэдэг гүнж гээд хоёр дүрийг бүтээсэн. “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрийг сүүлийн хэдэн жил дуулсан. “Ламбагуайн нулимс”-ын Цэрэнлхамын дүр байна. Гэх мэтчилэн маш олон дүрийг Дуурийн театрынхаа тайзнаа дуулжээ.
-Дуурийн дүрийн сонголтыг найруулагч
хийдэг үү, эсвэл удирдаач уу?
-Дуурийн гол дүрийн эхний
сонголтыг удирдаач хийнэ. Энэ дүр Уянгын хоолойд тохирно гэдгийг удирдаач
сонгодог гэсэн үг. Харин найруулагч тэр сонгогдсон хүн дээр нь “ажиллаж”, дүрээ
бүтээхэд найруулгыг нь хийж өгдөг. Удирдаач, найруулагч хоёр бол хос морьтон
шиг л хамтарч ажилладаг, дуурийн амин сүнс нь юм.
Дуурийг зохиогч ямар хоолойг гол
дүрээ болгох вэ гэдгээ хамгийн түрүүнд бодож, тэр хоолойд зориулан зохиолоо
бичдэг. Беллини, Россини, Моцарт, Бах, Гендел нарын үеэс эхлээд дуурийн урлаг
хөгжиж эхэлсэн. Дуурь бол бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол. Мэдээж, үүнд
техникийн үзүүлэлтүүд нэмэгдэнэ. Тухайн дуучны хоолойгоор юуг үзүүлж, юуг
шалгах ёстой гэдгийг маш нарийн гаргадаг. “Мөгөөрөс нимгэн хоолойтны дуу нь
хүрээгүй оргил” гэдэг шиг бүтээл туурвихын тулд тэд тархиа ажиллуулж, бүтээлээ
хийсэн байдаг. Дуурийн урлаг олон зууны турш соёлыг түгээж, дуучны хоолойн цар
хүрээ, чадлыг сорьж, хөгжсөөр ирсэн. Одоо дуурийн дуучдын дунд уралдаан тэмцээн
зохиож, хоолойн чадлыг сорьдог зүйл болсон.
Нэг дуурийг босгоход дор хаяж 6 сар бэлтгэдэг. Гол дүрийг бүтээхийн тулд эхлээд ноотоо сурах ёстой. Улмаар төгөлдөр хуурчтайгаа нийлсний дараа удирдаачид сонсгож, дараа нь хамтран тоглогчтойгоо, тэгээд масстайгаа, оркестртойгоо нийлж бэлтгэл хийх зэргээр 20 гаруй шат дамжлага дамжиж байж жүжиг бэлэн болж, тайзан дээр амилдаг.
-Дүрийн судалгаа мэдээж чухал. Та
жишээ нь, дүрээ гаргахдаа юунд анхаардаг вэ?
-“Травиата” дуурийн тухайд, өвчин
тусаж, хүнд орчин нөхцөлд амьдарч байхдаа хайр сэтгэлтэй учирсан эмэгтэйн тухай
өгүүлдэг. Тэр хүн үнэнч байх уу, үгүй юу гэдгээ тухайн мөчид хэрхэн шийдэхийг
хөгжмийн хэллэгээр харуулсан бүтээл л дээ. Харин гол дүр яг юу өгүүлэх гээд
байгааг харуулахын тулд тухайн хөгжмийн зохиолчийн бичсэн ноот, үг, хэддүгээр
зуунд бүтээгдсэнээс нь авхуулаад хувцас, ааш аяг, алхаа гишгээ нь ямар байх
гээд бүх судалгаа шинжилгээг хийж, тэр дүрийг өөрийнхөөрөө амилуулна.
“Травиата” дуурийн Виолетта бол
хүнд өвчтэй ч бууж өгөхийг хүсдэггүй, хамгийн гол сонголт хийх болоход хайр
сэтгэлээ сонгоод, хорвоогоос явж байгаа тийм дүр. Тэр дүрийг би хүчирхэг
эмэгтэйгээр харуулахыг хүсдэг. Цовоо сэргэлэн байдал нь амьдралд бууж өгч биш,
ялж буйг илэрхийлж байгаа юм. Дэлхийн олон сайхан сопранууд энэ дүрийг өөр
өөрийнхөөрөө бүтээсэн байдаг. Хамгийн гол нь хоолойны өнгө, тембр, тэрийг хийж
байгаа техник маш гоё байх ёстой. Тийм учраас зууны 70-80 хувийг үүнд анхаарах
хэрэгтэй. Үнэхээр хүнд авьяас нь байгаа л бол хөгжим нь өөрөө хүнийг хөглөдөг.
Энд хүн хашгирах уу, уйлах уу, үхэх үү гэдгийг хөгжим өөрөө дэглэдэг учраас
хөгжмөө л маш сайн ойлгож мэдэрч тоглох ёстой, тэгж байж л дүрээ бүтээх ёстой
гэж боддог.
-Дуурийн дуучны хоолой их хүчтэй
байдаг. Энэ хүчирхэг хоолойд тусгай ямар дэглэм барьдаг вэ. Та жишээ нь,
хоолойгоо юугаар “хооллодог” вэ?
-Хоолойгоо би нарийн дэглэм барьж, хайрлаж хамгаалаад байдаггүй. Байнгын дасгал сургуулилттай байх ёстой. Энэ хамгийн чухал. Хоёрдугаарт, хувийн зохион байгуулалт. Бидэнд нойр маш чухал. Сайн унтаж амарч байх тусмаа л хоолой сайн гарч, дуулдаг аппаратур хүчтэй байна. Өдөр тутмынхаа амьдралыг зөв явуулж, энергиэ зөв зарцуулж байж тэр дуучны хоолой урт удаан насалдаг, сайхан дуугардаг, олон цаг дуулдаг. Гуравдугаарт, хоолой гэдэг зүйл хүний биед багтдаг, биеийн нэг хэсэг болохоор сэтгэл сайхан, хүнлэг байж сүү шиг гоё хоолой гарна. Хүний мөн чанараас хоолойн өнгө тембр шалтгаалдаг гэж боддог. Түүнээс муу юм бодоод, муухай царайлаад явбал хоолой сааралтана, сэвтэнэ гэж ойлгодог.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг
вэ?
-Хэдийгээр бидэнд амралт, нойр чухал
ч айл гэрийн эзэгтэй, ээж хүн учраас үүргээ биелүүлж, ар гэртээ санаа тавьж,
ажлаа зохицуулалгүй яах вэ. Манай гэр бүлийн хүн миний ажлыг маш сайн ойлгодог,
тусалдаг. Бид гурван хүүтэй. Ууган хүү маань том болсон. Удаахь хүү одоо
хоёрдугаар ангид орно, бага нь цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд
хүргэх, хичээлийг нь хийлгэх, хоол ундыг нь хийх гээд гэрийн ажлаа хийнэ.
Өглөөний 10 цаг гэхэд тодорхой хэмжээний гамм унших, хоолойгоо дуугаргах
зэргээр дасгалаа хийнэ. Өдөр 12 цагийн алдад төгөлдөр хуурчтайгаа нийлж сургалт
хийнэ. Би бол дуулахгүйгээр нэг өдөр ч байж чаддаггүй.
Онгон дагшин байгалиа дагаж хүний хоолой “төрдөг”
-Дуурийн дуучдын мөрөөдөл бол дуурийн
эх орон Италид очих байх. Та Италид сурч байсан байх аа?
-Дэлхийн сонгодог урлагт та
үнэхээр чадаж байвал гэрээ хийж тоглуулъя гэсэн агентууд бий болсон. Бүх юм
одоо мэргэжлийн түвшинд явагддаг болсон. Дуурийн дуучдыг том том театруудтай
гэрээ хийж, холбож, үнийг нь тохирч өгдөг агентууд бий болсон. Тийм болохоор
хувь хүн яаж хөдөлмөрлөхөөс их зүйл шалтгаална. Миний хувьд дэлхийн том том
театруудад дуулах чин хүсэл байна. Хүсэл маань биелэх байх гэж бодож байна.
Би Италийн Приужа хотод 2006 онд
дуулаачийн урлагаар нэг жил суралцсан. Ер нь бол дуучин хүн дуурийн өлгий
нутагт очиж үзэх хэрэгтэй гэж боддог. Италийн вокалын сургалтын дэлхийд хамгийн
үнэлэгддэг школ бол бельканто. Оросын болон Болгарын школ гэж бас бий. Манай
Монголоос ч өөрийн гэсэн школ, өөрийн гэсэн дуулалт бий болсон. Манай
Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал нар дэлхийн том театруудад маш амжилттай
дуулж явна. Тэднийг очиход багш тань хэн бэ, та нарт яаж ийм гоё хоолойн өнгө
тавив аа, яаж ийм вокальный школ заав аа гэж асуудаг. Манай багш нар олон зуун
жил хөгжсөн, дэлхийд асар олон, маш хүчирхэг дуучдыг төрүүлсэн Оросын школтой.
Гэхдээ дуурийн дуучдаас цэвэр
орос үндэстэн бас ховор байдаг. Армян, азербайджан зэрэг бага үндэстнүүдээс
сайхан дуучид төрсөн байдаг. Хүн байгалийн амьтан. Байгальдаа илүү ойр, хэт их
хөгжчихөөгүй, онгон дагшин байгалиа дагаж хүний хоолой “төрдөг” юм байна. Илүү
гоё байгальтай байх тусмаа тэр сайхан байгальд төрсөн хүний хоолойн өнгө тембр,
бяр чадлыг, тэр үндэстнийг дэлхий хэдийнэ мэдчихсэн байна. Дэлхийд тэр хоолой
таалагдаад байна. Тийм өнгө тембрийг хайгаад байна. Тэгэхээр манай Монголын
дуучид илүү үнэ цэнтэй болох боломжтой гэж боддог.
-Та Банди багшийнхаа тухай
дурсаач. Багшийнхаа эрдмийг үргэлжлүүлж, өөрөө багшлах, шавь бэлтгэх тухай
бодож байна уу?
-Миний багш их сайхан хүн байсан.
Олон хүүхдэд чин сэтгэлээсээ зааж, хувь заяаг нь гарт нь атгуулж өгсөн буянтай
багш. Багш нар нэг л хоолойд, басс бол бассдаа, тенор бол тенортоо зааж өгдөг
бол миний багш бүх хоолойд, таван хоолой байдаг бол тавууланд нь зааж, хоолой
суулгаж өгдөг, маш мундаг, өөрийн гэсэн онцлогтой хүн байсан. Багш болгон ийм
байдаггүй. Хоёрдугаарт, хэчнээн сонирхолтой байсан ч болмооргүй бол чадна гэж
хуурч, хувь заяагаар нь тоглолгүй, өөр мэргэжлээр явсан нь дээр гэдгийг
ойлгуулж чаддаг тийм ухаантай хүн байсан. Би багшийнхаа зааж өгсөн эрдмийг,
өөртөө олсон юмаа хүүхдэд зааж өгөх юмсан гэж бодолгүй яахав. Одоо л нас минь
боллоо доо гэж бодсон тэр цагт л багшилна даа. Тэр болтол туршлага
хуримтлуулна. Банди багшийнхаа зааж өгсөн эрдмийг бас хэнд ч заахгүйгээр “аваад
явчихмааргүй” байна.
Ер нь багш болно гэдэг асар өндөр
хариуцлага. Хүний хувь заяаг гартаа атгана гэсэн үг. Тэгэхээр хөнгөн хандаж ер
болохгүй. Өөрийнхөө дуулах карьерыг дуусахыг нэлээн дөхүүлж байгаад шавь
бэлтгэх тухай бодно.
Миний хувьд ойрын 5-6 жил дуулах
боломжтой байгаа. Ер нь сопрано, тенор хоолой мөнхийн партнер, дуурийн гол дүр
байдаг. Хайр сэтгэл, амраг хосын дүрд хоршин дуулдаг хоолойнууд юм даа.
Намайг Дуурийн театрт анх орж ирж
байхад АЖ Б.Жавзандулам эгч, АЖ А.Долгор гуай, ГЖ Б.Цэцгээ эгч, Долгормаа эгч,
АЖ Мөнхшүр эгч нар бүгд ажиллаж байлаа. Жавзандулам эгч надад ширээнийхээ
түлхүүрийг өгөөд, “Миний ширээн дээр сууж будгаа хийж, үсээ янзалж байгаарай”
гэсэн. Жава эгч надад “Чи бол Тоска, Чио Чио Сан дуулах хүн, тийм учраас миний
охин хичээгээрэй, заавал дуулаарай” гэж хэлж байсан. Х.Уртнасан гуай намайг
театрт орж ирэхэд аль хэдийнэ багшилдаг болсон байсан. Гэхдээ театртайгаа маш
холбоотой. Театрынхан маань Уртнасан багшийг байнга урьдаг, Уртаа багш ирж
дуурь үзэж, бидэнд зөвлөгөө өгдөг байсан. Нэг удаа “Травиата” дуурь үзчихээд,
“Энэ чиний дүр мөн. Гэхдээ чи Чио Чио Сан-ыг заавал дуулаарай” гээд, надад
бөгж, дарс бэлэглэж байсан. Тэр бөгжийг би одоо ч хадгалдаг. Тухайн үед энэ
мундаг хүмүүс ямар гоё юм хэлэв ээ гэж урмын үгийг нь сонссондоо баярлаж, бас
урамшиж байсан бол одоо бодох нь ээ, бидэнд асар их итгэл өгч байж. Бид одоо ч
асуудаг, зөвлөгөө авдаг.
Дуурийн театраа дэлхийн том дуучид, удирдаачид ирж тоглодог
сайхан ирээдүйгээр төсөөлж байна
-Дуурийн дуучдыг нийтийн дуу
дуулахыг хориглодог гэдэг. Гэтэл та “Классик жем” хамтлагт дууллаа, “Яг түүн
шиг” шоунд оролцлоо?
-Биднийг СУИС-д сурч байх үед
гадуур дуулахыг багш нар таашаадаггүй байсан. Ер нь бол хориглодог. Яагаад
гэхээр, тэр вокал гэдгийг сургахын тулд багш нар 5-6 жил “махаа иддэг” байсан.
Гэтэл хажуугаар нь задгайгаар, төрөлх хоолойгоор дуулаад байхаар хоолой тэр
хүнд суухгүйгээс гадна багшийн асар их хөдөлмөрийг зохиолын дуу дуулаад байхгүй
болгочихоод байна гэсэн үг. Үнэндээ би ч гэсэн багшлаад эхэлбэл өөрийнхөө
шавийг өөр бүтээл дуулахыг хориглоно.
Зах зээл эхлэхэд, бүх юм
өөрчлөгдсөн. Эдийн засаг ярьж, хүмүүс өөрийгөө “үнэлэх” шаардлагатай болсон.
Гэхдээ хамгийн “танхай” байж, тэр дүрмийг зөрчсөн хүн бол яах аргагүй би. “Классик
жэм” хамтлагт орж дуулсан. Тэр үед манай гоцлол дуучид, бидний өмнөх үеийн
мундгууд “Болохгүй ээ, Уянга. Чи эсвэл “Классик жэм”-ээ сонго, эсвэл дуурийн
дуучнаа сонго. Хоёр зэрэг хөөгөөд яваад байж болохгүй” гэдэг байсан. Манай багш
харин эсэргүүцдэггүй байсан. Намайг хамтлагт дуулахад сайн байна ч гэж
хэлээгүй, болохгүй ч гээгүй, хичээгээрэй л гэсэн. Ардын жүжигчин Жаргалсайхан
гуай надад “Миний охин, чи хоёуланг нь хослуулаад явж чадна. Чамд итгэж байна.
Миний охин битгий шантраарай” гэж хэлж байсан нь надад маш их хүч, урам өгч
байсан. “Классик жэм”-д дуулаад мөнгө хөөгөөд явахаар энд бас дасгал сургуулилт
хаягдаад хариуцлага ч яригдаж байсан. “Классик жэм”-тэйгээ 2-3 жилийн хугацаанд
гялалзтал сайхан уран бүтээл хийгээд, дуурьтаа дуулъя гээд хамтлагаасаа гарсан.
Түүнээс би хослуулж чадаж байсан гэдгээ бардам хэлнэ.
Дуурийн дуучнаа сонгосноор би
алдаагүй гэж боддог. Түүнээс хойш дуурьт дуртай ажлаа тууштайгаар хийж байна.
“Яг түүн шиг”-т оролцоход өөрийн хоолой, өөрийн тембрээр дуулахгүй, тухайн уран бүтээлчийн хоолойг дуурайх нь л хэцүү байсан. Гэхдээ “Классик жэм”-д дуулж байсан юм чинь чадахгүй гэх юм байхгүй байх гэж бодоод орсон.
-“Яг түүн шиг”-т “Уяхан замбуу
тивийн наран”-г дуулахыг сонсоод үнэхээр чадвар юм даа гэж бодож байлаа?
-Үнэхээр маш сонирхолтой тохиолдол. Уртын дуу дуулахад нарийн цохилго, уулын тунгалаг горхины жирэлзээ шиг хоолойг хийхийн тулд маш их бодсон. Сүүлдээ унтахад хүртэл тархи маань амрахгүй байсан. Маш их ач холбогдол өгч, маш их санаа зовсон болохоор надад хүчтэй нөлөөлсөн байх. Энэ дуу мундаг авшигтай, үнэхээр гоё бүтээл юм билээ. Н.Норовбанзад гуайн дуулснаар хүргэнэ гэдэг бол үнэхээр боломжгүй зүйл. Би бол дөхүүлсхийсэн болов уу.
-Та ойрын үед бие даасан уран
бүтээлийн тоглолт хийх үү?
-Би жилд л нэг бие даасан тоглолт
хийхийг боддог. “Монгол сонгодог-1, 2, 3”, речитал тоглолт, гранд опера гээд
цуврал тоглолтууд хийсэн. Энэ жилээс үргэлжлүүлнэ. Яг өөрийнхөө гол дүрд
дуулсан кларатурный сопрано гэдэг партаар сонгодог тоглолт хийхээр бодож байна.
Сонгодгоороо пянз ч гэсэн гаргачих юмсан гэж бодож л байна. Өөр нэг том төсөл
миний ойрын төлөвлөгөөнд байгаа нь жазз опера гэдэг зүйлийг гаргаж ирж, тоглолт
хийх бодолтой байгаа. Хөгжимчдийн найруулга, тэдний ажиллагаанаас шалтгаалаад
намар хийх үү, зун уу гэдгээ ярих байх. Монголд энэ төрөл жанр байхгүй. Жазз
опера хаана ч эгшиглэж болно. Олон гоё найруулга хийсэн, дахиад ч гоё
бүтээлүүдийг хийхээр ажиллаж байна.
Театраасаа гадуур ажиллаж амьдрах
шаардлага гарахад их олон хүнээс санал ирж, олон газарт гэрээ хийх, ажиллах
боломж гарсан. Дуурийн дуучин хүн байнгын бэлтгэлтэй, ямагт форм сайтай байх
ёстой. Тийм болохоор дууриудаа тасралтгүй дуулж байхыг хүсэж байна. Энэ
утгаараа эхний ээлжинд ойрын орнуудаас зарим саналыг хүлээж аваад, гэрээ хийсэн
байгаа. ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үдийн театр, ӨМӨЗО-д уригдсан. Мөн хэд хэдэн
аймгаар явж, монгол романсыг түгээх, толилуулах ажлаа эхэлсэн байгаа. Тэр маань
мөн нэлээд урт хугацааны аялан тоглолт болохоор гэрээ хийж байгаа.
Үнэнч үзэгч гэж андашгүй байдаг. Буриадын Улаан-Үдийн театрт Уянга дуулна гэхэд зорьж очиж үздэг хүмүүс байдаг. Тэр бол асар том хүндэтгэл. Надад их сайхан санагддаг. Буриадын алдарт төгөлдөр хуурч Дарима Линховойн гэж мундаг хүн энэ бүх боломж бололцоог олгож, бүх эхлэлийг тавьж байсан. Энэ хүнээр дамжиж Монголын олон сайхан дуучид тэр гоё аз завшаантай эхлэлийг хүртсэн байдаг.
-Эцэст нь, Дуурийн театрын ирээдүйн
тухай таны төсөөлөл ямар байдаг бол?
-Хамгийн нандин мартагдашгүй
мөчүүд минь Дуурийн театрын тайзан дээр өнгөрч байсан. Үзэгчдийн алга ташилт
бол асар их аз жаргал өгдөг. Би олон удаа гол дүрд дуулж, тэр их аз жаргалыг
энэ тайзан дээрээсээ мэдэрч байсан.
Дуурийн театраа дэлхийн хэмжээний том одод, бас Амартүвшин, Ариунбаатар нар маань өөрсдөө ирж дуулдаг, дэлхийн хэмжээний том том удирдаачид ирж дохидог сайхан ирээдүйгээр төсөөлж байна. Дуурийн театр маань өргөжиж, шинэ тайзтай болох мөрөөдлийг уран бүтээлч бүр тээж байдаг. Түүнтэй зэрэгцэн хуучин тайз нь үнэ цэнтэйгээр оршиж байдаг тийм болоосой гэж мөрөөддөг.