Э.Макрон: Монгол Улс ногоон шилжилтэд чухал металл нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-22 00:31:29

УЛААНБААТАР. /Bloomberg/. Монгол Улс ногоон эдийн засагт шилжих хүрээнд шаардлагатай чухал металлуудыг Францад нийлүүлэхээр тохиролцлоо гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт тус улсад анхны айлчлалаа хийх үеэрээ мэдэгдэв.


Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, ялангуяа байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний аж үйлдвэрийн салбар дахь харилцааг эрчимжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Орос, Хятад хөршүүдээсээ хараат байдлыг бууруулах зорилготой гэж Э.Макроны ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.


Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ, “Бид танай улсаас чухал металлуудыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахаар шийдсэн” хэмээн мэдэгджээ.


Францын “Orano SA” компанитай одоо өрнүүлж буй түншлэл нь чухал металлуудыг олборлоход гол түлхүүр болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Европын Холбоо цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурт шаардлагатай лити зэрэг цэвэр эрчим хүч, дижитал шилжилтэд чухал ач холбогдолтой нөөцийг эрэлхийлж байгаа юм. Мөн Хятад зэрэг цөөн тооны ханган нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгахыг эрмэлзэж буй.


Э.Макрон мөн хоёр улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаас гадна Монголын эдийн засгийг нүүрснээс ангижруулахад хувь нэмрээ оруулахын тулд хоёр талын болон олон улсын санхүүжилтийн чиглэлээр ажиллана гэж хэлжээ.


Энэ оны дөрөвдүгээр сард Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад айлчилсан бөгөөд он гарсаар Европын хоёр дахь орны төрийн тэргүүн тус улсад айлчилж байна.

Related news