Үнийн өсөлтийн 42 хувийг импортын, 58 хувийг дотоодын бараа эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-22 11:01:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 11.3 хувьтай гараад байна. Инфляцад голлон нөлөөлж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сэтгүүлчид ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн ахлах статистикч Г.Мөнх-Оргилоос тодруулсан юм. Тэрбээр, инфляц дахь импортын барааны нөлөөлөл 42 хувьтай байгаа бол дотоодынх 58 хувьтай байгааг мэдээллээ.


-Инфляц дахь импортын бараа, бүтээгдэхүүний нөлөөлөл хэдэн хувиар буураад байна вэ?

-Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин өнгөрсөн 4 дүгээр сард 11.3 хувьтай гарсан. Импортын барааны нөлөөлөл 42 хувьтай байгаа бол дотоодынх 58 хувьтай байгаа. Энд хүнсний бүлгийн буюу талх, гурил, будааны үнийн өсөлт 31 хувиар нөлөөлж байна.


ҮСХ-ноос мэдээлснээр, ДНБ оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 их наяд төгрөг буюу 42.1 хувиар өсжээ. 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 413.6 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар өссөн байна.


Дараагаар нь хувцас, бөс барааны бүлгийн үнийн өсөлт 13.2 хувийг эзэлж байна. Сарын инфляц 1.3 хувьтай гарсан. Үүнд махны үнийн өсөлт 8.6 хувиар нөлөөлж, түүнийг даган нийтийн хоолны салбарын үнэ өсөхөд нөлөөлсөн.

Инфляц дахь импортын бараа, бүтээгдэхүүний үнийн хувьд 58 хувьтай, 60 хувьд дөхөж байсан бол одоо тогтмол 40-өөс дээш хувьтай, 42 хувь болж буурч, нөлөөлөл багассаар байна. Үүнийг өмнөх улиралтай харьцуулахад 10 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.


Инфляцын түвшинг өмнө оны эцэстэй харьцуулахад 4.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ. Өнгөрсөн оны 8 дугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 14.4 хувьтай байв. Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарч байв.


-Валютын ханшийн хэлбэлзэл инфляцад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Валютын ханшийн төрлийн судалгааг манайх хийдэггүй. Ерөнхийдөө одоогоор инфляцад буюу бараа, бүтээгдэхүүний үнэд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш чангарч буй байдал ажиглагдаж эхлээгүй байна.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news