АНУ-ын өрийн дээд хязгаарын асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-23 09:45:03

ВАШИНГТОН. /Reuters/. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар дефолт зарлаж болзошгүй байгаа хугацаанаас өмнө өрийн дээд хязгаарыг хэрхэн өсгөх талаар тохиролцоонд хүрч чадаагүй боловч хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ амлажээ.


К.Маккарти төсвийн зардлыг танахыг Цагаан ордноос шаардаж байгаа бол Ж.Байдены шинээр татвар ногдуулах саналыг Бүгд найрамдах намынхан эсэргүүцэж байгаатай холбоотойгоор Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн нар тохиролцоонд хүрч чадаагүй байна.


“Дефолт зарлахгүй гэдгийг, мөн урагшлах цорын ганц арга зам нь хоёр намын төлөөлөгчид тохиролцоонд хүрэх явдал гэдгийг бид дахин нэг удаа нотоллоо” гэж Ж.Байден “үр бүтээлтэй” хэмээн тодорхойлсон уулзалтынхаа дараа мэдэгджээ.


Харин К.Маккарти цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, хэлэлцээнд оролцогчид нэгдсэн тохиролцоонд хүрэхийн тулд шөнөжин хамтран ажиллана хэмээгээд, бид үр бүтээлтэй хэлэлцээ хийсэн гэж бодож байна, хараахан тохиролцоонд хүрээгүй байна, гэхдээ хүрч чадна гэдэгт найдаж байна гэжээ.


Тэрбээр мөн Ж.Байдентай өдөр бүр хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан байна. Гэхдээ чинээлэг иргэдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, газрын тос, эмийн үйлдвэрлэлийн татварын цоорхойг хаах замаар алдагдлыг бууруулах Ж.Байдены төлөвлөгөөг хэлэлцэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. К.Маккарти 2024 оны төсвийн зардлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж байгаа юм байна.


Ардчилсан намынхан болон бүгд найрамдахчуудад зургаадугаар сарын 1 гэхэд өрийн таазыг өндөрсгөх эсвэл эдийн засагчдын анхааруулж буй эдийн засгийн хямралд хүргэж болзошгүй урьд хожид байгаагүй дефолт болох эсэх талаар тохиролцоонд хүрэхэд ердөө 10 хоногийн хугацаа үлдээд байна. 

Related news