БАЯНХОНГОР: Эрүүл мэнддээ цаг гаргахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-23 09:53:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өрнөж байгаа "Цаг гаргая" аяны хүрээнд “Эрүүл мэнддээ цаг гаргая – Унадаг дугуйн аялал”-ыг Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбооноос зохион байгууллаа.


Аймгийн төвөөс Өлзийтийн гүүр хүртэл 20 шахам километрийн аялалд Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбооны тэргүүн, тэргүүлэгч, гишүүд зэрэг нийт 20 гаруй дугуйчин оролцжээ. Энэ удаагийн аяллын онцлог нь “Монголд зочлох жил"-тэй холбогдуулан аяллын төрөл хэлбэрийг хөгжүүлэх, дугуйн спортыг сурталчлах, дугуйн соёлыг олон нийтэд хүргэх зорилготой.


Тус аялалд Баянхонгор сумын ИТХ-ын дарга С.Батцэрэн, сумын Засаг дарга Г.Энхбаяр нар оролцсон бөгөөд тус холбооноос сумын удирдлагуудад, Баянхонгор сумын дугуйчдын унадаг дугуйн замыг сайжруулах, унадаг дугуйн спортын материаллаг бааз, техник хэрэгслийг сайжруулахад дэмжлэг хүсэж хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилсан байна. Сумын удирдлагууд Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдгээ мөн мэдэгджээ.


Дугуйн аяллын хүрээнд эрүүл цэвэр агаарт хээрийн цай амтлах, ажил хэргийн нөхөрсөг уулзалт, Хонгорын дугуйчид унадаг дугуй  холбооны гишүүдэд Монголын унадаг дугуйн холбооноос олгогддог албан ёсны лицензийг гардуулсан байна.


Моторгүй тээврийн хэрэгсэл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга, хэрэгслийн нэгт зүй ёсоор тооцогддог. Унадаг дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу талтай.



Related news