ДАРХАН-УУЛ: Ашигт малтмалын хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-23 15:15:59

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар Дархан-Уул аймгийн нутагт ашигт малтмалын хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой газарт санал өгөх тухай асуудлыг хэлэлцэв.

Тодруулбал, ашигт малтмал, газрын тосны газраас 21386.66 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох боломжтой эсэхэд санал өгөх тухай албан бичиг ирүүлсэн аж.


Уг асуудалтай ИТХ-ын төлөөлөгчид танилцаад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 51 нэгж талбар бүхий 21386.66 га талбайг бүхэлд нь сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэж үзэж, татгалзах санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.




Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих боломжгүй гэж төлөөлөгчид үзсэн аж.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар 17.2-т. “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн ИТХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ёстой аж.

Хэрэв энэ хугацаанд хариу тайлбар өгөөгүй тохиолдолд тухайн саналыг зөвшөөрсөн гэж үздэг байна. "Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу сумдын ИТХ-аас дэмжихгүй саналыг аймгийн ИТХ-д ирүүлснийг ийнхүү хэлэлцлээ.

 

Related news