ӨВӨРХАНГАЙ: Коронавирусний халдварын тархалт эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-25 17:13:43

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт омикроны шинэ дэд хувилбар энэ сарын эхээр алаг цоог байдалтай дэгдэж эхэлсэн ч сүүлийн 7 хоногт халдварын тоо эрс буурсан байна.

Тавдугаар сар гарсаар аймгийн хэмжээнд омикроны шинэ хувилбарын 44 тохиолдол батлагдсанаас 70 хувь нь Арвайхээрт, 30 хувь нь Хархоринд бүртгэгдсэн. 20 дахь долоо хоногт коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр 14, PCR шинжилгээгээр 2 тохиолдол батлагджээ.


Аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт энэ сард 16 хүн хэвтэн эмчлүүлсэн бол одоогоор хүнгүй, гэрийн хяналтад заавар зөвлөгөө өгч байна. Уг вирус нь халуурах, хуурай ханиалгах, толгой, хоолой өвдөх, ядрах сульдах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүдээр илэрч, архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдэд хүндээр тусч байгаа аж.

Мөн улирлын томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд байна. Сүүлийн 7 хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас 37 хүн хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх 7 хоногоос 5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Амбулаториор 7957 хүн үйлчлүүлсний 460 буюу 5.7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар хандсан байна. 

Related news