Түүхэнд анх удаа цахилгаан машин хамгийн их борлуулалттай автомашин болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-05-29 17:18:00

НЬЮ-ЙОРК. /The Verge/. Дэлхийн түүхэнд анх удаа цахилгаан автомашин хамгийн их борлуулалттай машин болжээ. Тодруулбал, Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Teslа” компанийн “Model Y” загвар энэ оны эхний улиралд дэлхий даяар хамгийн их худалдаалагджээ. 


“The Verge” цахим хуудсанд мэдээлж буйгаар, “Teslа” энэ оны эхний гурван сард дэлхий даяар 267 мянга гаруй "Model Y" загварын машин зарсан нь өнгөрсөн оны эхнийн улирлын борлуулалтаас 69 хувиар өссөн байна. Хоёрдугаарт, 256.4 мянган ширхэг зарагдсан үзүүлэлтээр "Toyota Corolla" орсон бол эхний гуравт 214 мянга гаруй ширхэг худалдаалагдсан "Toyota Hilux" багтсан байна. Хамгийн их борлуулалттай таван автомашины тоонд мөн "Toyota RAV4" (211 мянга) болон "Toyota Camry" (166.2 мянга) оржээ. 


2022 онд “Teslа” компанийн орлого дээд амжилт тогтоосон талаар мэдээлсэн билээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд “Teslа” 24.318 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 37 хувиар, өмнөх сарынхаас 13 хувиар өссөн үзүүлэлт юм. 2022 оны нийт орлого нь 81.462 тэрбум ам долларт хүрч, 2021 оныхоос 51 хувиар өссөн байна.


Related news