Косово дахь сербиүд болон НАТО-гийн энхийг сахиулагчдын хооронд мөргөлдөөн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-05-30 10:00:02

ПРИШТИНА. /AFP/. Косовогийн хойд хэсэгт орон нутгийн сонгуулийг эсэргүүцэн жагсагч сербиүд НАТО-гийн энхийг сахиулагчид болон цагдаа нартай мөргөлджээ.  


Жагсагчид Звечан хот дахь орон нутгийн зөвлөлийн барилга руу дайран орохыг завдсаны дараа тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, чимээ гаргагч гранат хэрэглэсэн байна. НАТО-гийн цэргүүд мөн орон нутгийн засаг захиргааны хоёр өөр барилгын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулжээ. 


Даваа гаргийн мөргөлдөөний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд Италиас ирсэн НАТО-гийн 11 цэрэг байгаа бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байна. Нийтдээ 25 энхийг сахиулагч, түүнчлэн 50 жагсагч гэмтэж бэртсэн гэж мэдээлж байна. 


AFP агентлагийн мэдээлснээр, Звечан дахь НАТО-гийн энхийг сахиулагчид эхлээд жагсагчдыг цагдаа нараас холдуулахыг оролдсон боловч дараа нь бамбай, бороохой ашиглан жагсагчдыг тараажээ. Жагсагчид цэргүүд рүү чулуу, шатамхай бодис бүхий лонх шидсэн гэж тус агентлаг мэдээлсэн байна.


НАТО цэргүүд рүү нь халдсаныг “хүлээн зөвшөөрч боломгүй” үйлдэл хэмээн мэдэгдээд талуудад "хурцадмал байдлыг улам дэвэргэх үйлдлээс татгалзаж", яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. Түүнчлэн зарим жагсагч Украины эсрэг Оросын түрэмгийллийн бэлгэдэл болох Z үсгийг НАТО-гийн тээврийн хэрэгсэл дээр шүршиж зурсан гэж мэдээлж байна.


Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор армиа бүрэн өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон мөргөлдөөний дараа тэрбээр армийн ангиудыг Косовогийн хил рүү илгээжээ. 


Хүн амын дийлэнхийг сербиүд бүрдүүлдэг хойд нутгийн дөрвөн хотод дөрөвдүгээр сард болсон орон нутгийн засаг захиргааны сонгуулийг эсэргүүцсэнээр үймээн самуун эхэлжээ. Уг сонгуулиар албаничууд нутгийн зөвлөлийг хяналтдаа авсан байна. Сонгуулийн ирц дөнгөж 3.47 хувьтай байсан аж.


Серби болон голдуу албани үндэстнүүдийн хооронд олон жил мөргөлдөөн болсны эцэст Косово 2008 оны хоёрдугаар сард Сербиэс тусгаар тогтнолоо зарласан юм.


Өөрийгөө зарлан тунхагласан Косово улсыг дэлхийн зарим улс орон, түүний дотор АНУ, Европын Холбооны гишүүн орнуудын ихэнх нь хүлээн зөвшөөрсөн боловч Серби улс болон Косово дахь ихэнх угсаатан сербиүдийн нэгэн адил хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар иржээ. 

Related news