ӨВӨРХАНГАЙ: 17 хүртэлх насны 44391 хүүхэдтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-01 12:16:39

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг нийт 117 мянга гаруй хүн амтайгаас 44391 нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдгээрийн 22716 нь эрэгтэй, 21675 нь эмэгтэй хүүхэд юм. ЕБС-д 24439, СӨББ-д 7184 хүүхэд суралцан хичээлийн жилийг төгсгөж байна. 


Мөн нийт хүүхдийн 1656 нь хагас болон бүтэн өнчин ба үрчлэгдсэн 41 хүүхэд байгаа аж. Түүнчлэн ихэр хүүхдийн тоо 696-д хүрчээ.  

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 онд 17529 хүүхдийг хөгжлийн үйлчилгээнд, 9628 хүүхдийг хамгааллын үйлчилгээнд хамруулсан байна. Тухайлбал, хүүхдийн ордны дэргэдэх дугуйлан секцэд 3289, урлаг, соёл, спортын үйл ажиллагаанд 14200 гаруй хүүхэд оролцжээ. 

Хамгааллын чиглэлээр 63 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, 539 хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, эрсдлийн даатгалд 665 хүүхдийг хамруулсан байна. 

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд 104 хүүхэд хандсан бол 2023 он гарсаар 27 дуудлага иржээ. 

Аймгийн хэмжээнд 726 малчин өрх бусад аймгийн нутагт отроор өвөлжиж, хаваржсан. Тэдгээр айл өрхүүдэд 17 хүртэлх насны 661 хүүхэд байгаагаас 409 нь сургуулийн насны хүүхэд юм. Эдгээр хүүхдийн 257 нь айлд, 93 нь дотуур байранд сууж байна.

Related news