Дэлхий дахинд нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо улам бүр нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-06-01 17:54:58

ЖЕНЕВ/НЬЮ-ЙОРК. /ilo.org/. Дэлхий нийтэд тулгарч буй хямралаас үүдэн сая сая хүүхэд ядууралд өртөх нь нэмэгдэж байгаа тул нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг шинээр гарсан тайлан анхаарууллаа. 


Нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь тэднийг ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэх, ялгаварлан гадуурхагдах эрсдэлд хүргэж байна гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан тайланд дурджээ.


“Тоо томшгүй шалтгаан: Бүх хүүхдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлье” нэртэй уг тайланд дурдсанаар 2016-2020 он хүртэлх хугацаанд хүүхдийн тэтгэмж (бэлэн мөнгөөр эсвэл татварын хөнгөлөлт хэлбэрээр олгодог) гэх зэрэг нийгмийн амин чухал хамгаалалтад хамрагдаж чадахгүй байгаа 0-15 насны хүүхдийн тоо дэлхий даяар 50 саяар нэмэгдэж, 1.46 тэрбумд хүрсэн байна. 


“Хамгийн чухал нь, бүх хүүхдийн нийгмийн хамгаалалд хангалттай хэмжээгээр хөрөнгө оруулах, тэр дундаа хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгох замаар гэр бүлүүдийг дэмжих нь ёс зүйтэй, оновчтой сонголт бөгөөд тогтвортой хөгжих, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үндсэн арга зам юм” хэмээн ОУХБ-ын Нийгмийн хамгааллын газрын дарга Шахра Разави хэллээ.


Тайланд дурдсанаар, 2016-2020 онд хүүхэд, гэр бүлд үзүүлэх дэмжлэг дэлхий даяар хумигдсан бөгөөд 2030 он гэхэд нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлэх тухай тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэх ямар ч улс орон байхгүй байна. Тухайлбал, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад нийгмийн хамгааллын хамрах хүрээ 51 хувиас 42 хувь хүртэл огцом буурчээ. Бусад олон бүс нутагт мөн энэ хүрээ нэмэгдээгүй, бага хэвээр байна. 2016 оноос хойш Төв Ази, Өмнөд Азийн бүс нутаг, Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн бүс нутаг, Сахарын цөлөөс урагш орших Африкийн бүс, Баруун Азийн бүс нутаг, Хойд Африкт тус тус 21 хувь, 14 хувь, 11 хувь, 28 хувьтай байна.


Нийгмийн хамгааллын тогтолцооноос гадуур байгаа хүүхэд бүр ядуурал, өвчин эмгэгт өртөж, боловсрол, хоол тэжээлийн дутагдалд орж, насанд хүрэхээсээ өмнө гэрлэх, хөдөлмөр эрхлэх өндөр эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ.


Дэлхий даяар хүүхдүүд үгээгүй ядууралд өртөх магадлал насанд хүрэгчдээс хоёр дахин их байгаа бөгөөд 356 сая хүүхэд үгээгүй ядуу амьдарч байна. 

Related news
Comments