Буддын шашинтнуудын эрхэм дээд шүтээн Бурхан багшийн цахиур эрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenebat@montsame.mn
2023-06-04 09:26:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бурхан багшийн "Их Дүйчэн" өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейгээс Бурхан багшийн цахиур эрдэнэ /шүд/-ийг 6 дугаар сарын 2-ны өдөр олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм. 


Энэ үеэр Бурхан багшийн цахиур эрдэнийн Монгол Улсад ирсэн түүх, учир утгын талаар Богд хааны ордон музейн захирал Ц. Эрдэнэбаатараас тодрууллаа.


Тэрбээр “Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлэхэд, олон шавь нар нь хайлуулсан байна. Гэтэл нэг шавь нь “багшаас минь юу ч үлдсэнгүй юу” гэж хэлээд галд гараа дүрж хэсэг шүдийг нь авч үлдсэн” гэдэг. Дэлхий нийтэд бурхны шашинтнуудын сүм хийдэд залаатай 8-9 цахиур эрдэнэ буюу шүд бий. Монголчуудад түүний нэг нь хадгалагдаж байгаа юм.


Хубилай хааныг Их Юань гүрнээ байгуулаад олон хэлт улсыг нэгтгэхийн тулд буддын шашныг төрийн шашин болгож, шашны их багшаар Пагва ламыг тодорхойлж байх үед Буддын шашны хамгийн дээд шүтээн юу вэ? гэдэг асуулт гарчээ. Бурхан багшаас үлдсэн үлдэц хамгийн дээд нь юм гэсэн хариу ч гарсан байна. Тиймээс Целон /Шири Ланг/ рүү 40 мянга орчим цэрэгтэй очиж, тэндээс түүн лугаа адил тоотой алт эрдэнэсийг ачиж явсан гэж бичдэг. Их гүрний хувьд энэ хэмжээний хүч гаргах боломжтой. Тухайн үед төр шашныг тохинуулахад танай улсад хадгалагдаж байгаа “цахиур эрдэнэ" хэрэг болжээ гэж хэлсэн биз. Ингэж энэ цахиур эрдэнийг дайн тулаанд хүрэлгүйгээр гартаа оруулж авсан байна.


Харин Тогоонтөмөр хаан улаан алчууртны бослогод түрэгдэн Өвөрмонголд ирж, Умард Юань улс байгуулж байх цаг үед энэ "цахиур эрдэнэ" Алтан хаанд үлдсэн болов уу гэгддэг. Содномжамцад Далай лам цолыг олгосон хүн бол Алтан хаан. Автай сайн хан тэр үед Ар халхад хүчирхэг байжээ. Тэр эрхэм Төвөдөд найрамдвал ч найрамдана, дайтвал ч дайтна гэж очсон байна. Тэр цаг үе дор умраас умардад бурхны шашныг дэлгэрүүлэх үүднээс энэ цахиур эрдэнийг өгсөн тухай зарим эх сурвалжид дурдсан байна. Энэ нь 20 дугаар зуунд П.Гэндэн Ерөнхий сайдын үед гарч ирсэн. Тэрбээр Өвөрхангайн хүн. Нутагтаа явж байхдаа, энэ цаг үед бурхан шашин хүндрэх бололтой. Бидний хадгалж авч үлдэх ёстой зүйл юу вэ гэж асууж лавлажээ. Түүний асуултад нутгийн номтой, өндөр настай лам нар “Бурхан багшийн шүд бий, түүнийг хадгалж өгөөч ээ” гэж хэлсэн байна.


Тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга Өлзий-Оршихын “Судар бичгийн хүрээлэн”-гийн захирал Л.Дэндэвт цохсон албан бичиг дотор “Будда бурханы шүд хэмээх нарийн нандин зүйлийг сайтар судална уу хэмээн Ерөнхий сайдаас зааварчилсны дагуу хүргүүллээ” хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэр албан бичиг энэ цахиур эрдэнэтэй хамт байгаа. Богд хааны ордон 1926 онд музей болсон. Ерөнхий сайд П.Гэндэнгийн зааварчилснаар  Бурхан багшийн шүд 1935 онд музейн сан хөмрөгт орж ирсэн байна. Монголчуудын хувьд шүтээн "цахиур эрдэнэ" энэ мөн гэж эрдэмтэн мэргэд, шашны зүтгэлтнүүд тодорхойлсон байдаг юм" гэж ярилаа.


Буддын шашинтнууд Бурхан багшийн “Их Дүйчэн” өдрийг эртнээс тэмдэглэн иржээ. Гэхдээ 1950 онд Шри Ланк улсад зохиогдсон “Дэлхийн буддистуудын холбоо”-ны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг “Их Дүйчэн" өдөр гэж албан ёсоор зарлажээ. Улмаар НҮБ 1999 оноос төв байр, дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа "Их Дүйчэн" өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Мөн бүх орны Засгийн газрын тэргүүнүүдэд хандан тус өдрийг бий болгох талаар НҮБ уриалжээ.


“Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их Дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилсөн билээ. Монгол Улсын хувьд бурхны шашин дахин дэлгэрсэн 1990 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болжээ. Энэ жилийн "Их Дүйчэн" өдөр 6 дугаар сарын 4-ний ням гараг /амралтын өдөр/-т тохионо.


Монгол Улсад 134 буддын шашны сүм хийд үйл ажиллагаа явуулдаг. Хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг. Бурханы шашинтнуудын онцолдог зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр Бурхан багш “эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаас ангижирсан 3 давхацсан” өдөр ажээ.

Related news