БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур чөлөөт бүс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-06 17:14:16

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд чөлөөт бүсийн албан ёсны нээлтийг Цагааннуур тосгон дахь чөлөөт бүсийн хашаанд өнөөдөр хийлээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний орооны дарга Б.Тулга, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавал, Засаг дарга А.Камелият, Эдийн засгийн хөгжлийн яамны Хилийн боомт, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгаас ирсэн зочид, төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлаас 2003 онд Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Цагааннуур худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 58 дугаар тогтоол, 2005 онд “Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг тогтоох болон бүсийг байгуулах тухай”  74 дүгээр тогтоолууд тус тус гарсан байдаг.


Улмаар 2008 онд 15.6 км урт, харуулын 5 шалган нэвтрүүлэх байртай чөлөөт бүсийн хамгаалалтын хашааг барьж, мастер төлөвлөгөө, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэрэг ажлуудыг хийсэн. 2011 онд услалтын систем бүхий ногоон байгууламж байгуулах, чөлөөт бүсийн хашаа дотор усан сан бүхий инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах, бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор, худалдаа, тээвэр логистикийн талбай, байр байгууламжуудын зураг төсөл боловсруулах ажлуудыг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд нийтдээ 1,5 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. 

Харин Монгол Улсын Засгийн газрын "Боомтын сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Цагааннуур чөлөөт бүсийг ийнхүү байнгын үйл ажиллагаанд шилжүүлж байна.

Төр засгийн зүгээс Цагааннуур чөлөөт бүсийг олон улсын түвшинд хүрсэн жишиг чөлөөт бүс болгон хөгжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын төв болгох замаар баруун бүсийн хөгжлийг хурдасгах, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийг зорьж байгаа. Тус зорилгын хүрээнд энэ жил чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаатай болгож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон инженерийн шугам сүлжээний зураг төсвийг боловсруулж байгаа. 2024 оноос дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

Мөн тухайн чөлөөт бүс болон Цагааннуур боомтыг Даян боомттой авто замаар холбох судалгааны ажлуудыг хийж байна. Тус зам ашиглалтад орсон тохиолдолд БНХАУ, Монгол, ОХУ-ууд хамгийн дөт замаар авто замаар холбогдох боломж бүрдэх юм.   




Related news