БАЯН-ӨЛГИЙ: Нисэх буудлын барилгыг 4,5 тэрбум төгрөгөөр өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-08 10:53:38

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Өлгий" нисэх буудлын барилгыг улсын төсвийн 4 тэрбум 495 сая төгрөгөөр өргөтгөнө. Нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас зохион байгуулж байна.


Нисэх буудлын одоогийн барилга нь 1734 м.кв талбайтай ба өргөтгөлөөр 1,5 дахин томруулна. Нэгдүгээр давхар нь орон нутгийн, олон улсын нислэгийн танхим, гаалийн хяналтын хэсэг, ачааны өрөө, цайны газар, VIP, тусгаарлах, хүүхэдтэй эхийн өрөөтэй, ирэх зорчигчдын хөдөлгөөнийг давхцуулахгүй байхаар төлөвлөжээ. Харин хоёрдугаар давхарт ажлын өрөө, хурлын танхим, экипажийн өрөө байрлах аж.


Бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг он дамжуулан улсын төсөвт суулгах бөгөөд энэ онд 350 сая төгрөгийн ажил хийнэ.


Ташрамд, "Баян-Өлгий аймгийн хөгжлийн зураглал-2030" бодлогын баримт бичигт Өлгий нисэх буудлыг олон улсын жишигт хүргэж, 2030 он гэхэд гадаад, дотоодын 50 мянган жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд байгаа юм. 

Related news