СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургуулийн элсэлт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-08 12:02:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургууль 2023-2024 оны элсэлтээ авч эхэлжээ. 


Тус сургууль Сэтгүүл зүй, Телевиз кино, Дуун техник технологи, Медиа анимейшний гэсэн дөрвөн тэнхимтэй бөгөөд медиа урлагийн салбарын бүх мэргэжлээр ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадгаараа онцлог юм.

Дэлгэцийн уран бүтээлч болохыг хүсэж мөрөөдөж буй төгсөгчдөд СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуулийг танилцуулж байна.


1. Салбартаа олон жил ажилласан туршлагатай багш нар  

СУИС-ийн РТМУС-ийн Телевиз киноны тэнхимийн багш Д.Давааням 76 дахь Каннын кино наадмын  “Un Certain Regard” төрөлд нэр дэвшин өрсөлдсөн "Баавгай Болохсон" уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласан туршлагатай.


Мөн Монголын анхны эмэгтэй операторуудын нэг Ц.Туяа, дуун найруулгын анхдагчдын нэг Г.Болор нарын олон шилдэг туршлагатай багш нар хичээл ордог байна. 


2. Тоног төхөөрөмж, практикт суурилсан сургалт 

Тус сургууль онолын мэдлэгээс гадна практикт суурилсан хичээл сургалт ордог бөгөөд мэргэжлийн техник хэрэгслээр бүрэн хангагдсан тул хүссэн мэдлэгээ мэргэжлийн түвшинд сурч, заалгах боломжтой. Ингэснээр оюутнууд ажил дээр гарахад илүү туршлагатай, техник хэрэгсэлтэй харилцах чадвартай төгсдөг байна.


3. Мэргэжлийн студи болон лабораториуд

Оюутнууд мэргэжлийн сургалтын лаборатори, студи танхимд онолын болон практик мэдлэг чадвар, дадлыг системтэй эзэмшиж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээг авах бүрэн боломжтой.


4. Төгсөгчдийг ажлын байранд холбож өгөх үйл ажиллагаа

СУИС-ийн РТМУС-ийн төгсөгчдийн "Career Fair" өдөрлөгийг зохион байгуулдаг. Тус өдөрлөгт сэтгүүл зүй, кино телевизийн найруулагч, зураг авалт, дууны найруулагч, радио телевизийн инженер, график дизайн гэсэн хөтөлбөрийн нийт төгсөгч өөрсдийн бүтээлээ дэлгэж танилцуулдаг ба ажил олгогчид төгсөгчидтэй уулзан, ажлын санал тавьдаг байна. 


5. Радио, телевизийн салбарт ажиллах бусад мэргэжлийн оюутнуудтай хамтарч ажиллах мэргэжлийн хичээлүүд  

Бусад мэргэжлийн ангийн оюутнуудтай хамтарч бүтээл хийх радио продакшн, ТВ продакшн хичээлүүд ордог бөгөөд оюутан төгсөхөөс өмнө ажлын байранд эзэмших дадлага туршлага болон багаар ажиллах чадварыг эзэмших давуу талтай.


6. Оюутнуудын өөрсдөө бий болгосон бүтээлч орчин

Тус сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээлээрээ суралцах орчноо бүтээлчээр бий болгодог бөгөөд урлагийн сургуулийн уур амьсгал үүднээсээ л мэдэгдэх аж.


7. Гадны болон дотоодын шилдэг уран бүтээлчдийн сургалт, хэлэлцүүлгүүд

СУИС-ийн РТМУС багш оюутнуудаа чадваржуулахын тулд олон улсын шилдэг уран бүтээлчдийг урьж тогтмол сургалт, хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулдаг.


8. Уран бүтээл хийх боломж

Оюутнууд сургуулийн техник лабораториудыг ашиглан бие даан уран бүтээл хийх бүрэн боломжтой. Тэдэнд зориулсан олон улсын анхны бүтээлийн уралдааныг зохион байгуулдаг байна.

Кино телевизийн нэрт найруулагч, СУИС-РТМУС-ийн үүсгэн байгуулагч Б.Бадарууганы нэрэмжит олон улсын медиа урлагийн "Анхны бүтээл" наадмыг хоёр жилд нэг удаа зохиодог ажээ.


Мөн оюутнууд мэргэжлийн хичээлээрээ дамжуулан олон олон уран бүтээлийг хамтран гаргадаг байна.


9. Оюутнуудад зориулсан сонирхолтой үйл ажиллагаа

Урлагийн чиглэлээр сурдаг оюутнуудад зориулан олон сонирхолтой үйл ажиллагааг зохиодог. Ингэснээр тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багш оюутны хоорондох харилцааг илүү ойртуулдаг байна.


10. Өсөн дэвших, хөрвөх чадвар 

Сэтгүүл зүй, кино телевизийн найруулагч, зураг авалт, дууны найруулагч, радио телевизийн инженер, график дизайн гэсэн хөтөлбөрийн төгсөгчид ажил дээр гараад хөрвөх чадвар өндөр ба эдгээр мэргэжил нь медиа салбараас гадна өөр олон салбарт хэрэгцээтэй.


Та бүхэн элсэлтийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сонирхож буй мэргэжлийн дагуу дараах хүмүүстэй холбогдоорой:


Медиа анимейшн: (976)-90770106, 95869436

Найруулах урлаг: (976)-98117763

Дуу чимээний технологи: (976)-80182289

Сэтгүүл зүй: (976)-99054378

Радио дэлгэцийн техник технологи: (976)-80182289

Зураг авалт: (976)-99184726

Related news